богино мэдээ New

Дэлхийн шилдэг 10 сөнөөгч онгоц

Дуунаас хурдан сөнөөгч онгоцнуудаас аль нь хамгийн шилдэг вэ гэсэн асуултад “Military-today.com” сайтынхан хариулжээ. .

   Дуунаас хурдан сөнөөгч онгоцнуудаас аль нь хамгийн шилдэг вэ гэсэн асуултад “Military-today.com” сайтынхан хариулжээ. Тэд энэ жагсаалтыг гаргахдаа Олон улсын стратеги судлалын хүрээлэнтэй хамтарчээ. Ингэхдээ зэвсэглэл, хурд, маневр, технологи, үүрэг гүйцэтгэлт, тархац зэргийг хамааруулж, дүн шинжилгээ хийжээ. Жагсаалтад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улс орсон байна. Дурдагдсан нисэх онгоцууд өнөө цагийн хамгийн шилдэг 10 сөнөөгч онгоц ажээ. Сонирхолтой нь эдгээр онгоц тулааны талбарт хоорондоо тулгарч байгаагүй.

Локхийд Мартин/Бойнг F-22 Раптор (АНУ)

F-22 Раптор бол сөнөөгч онгоцнууд дотроосоо радарт бараг баригддаггүй гэдгээрээ гайхагддаг, олон зориулалт бүхий сөнөөгч нисэх онгоц юм. Энэ онгоцыг хамгийн дэвшилтэт технологи ашиглан сөнөөгч онгоц дотроо хамгийн их өртөг буюу 350 сая ам.доллар зарцуулж бүтээсэн байдаг. Тэр бас хамгийн хол зайг туулж чаддаг. Энэ мэтээр түүний онцлогийг дурдаад барахгүй. Мөн аэродинамикийн шийдэл, дизайн нь онцгой сайн. F-22 үйлдвэрлэгдсэн цагаасаа шилдэг гэдгээ батлан харуулжээ. АНУ энэ сөнөөгч онгоцыг өөр улсад экспортлодоггүй.

Бойнг F/A-18 E/F Супер Хорнет (АНУ)

 

“Супер хэдгэнэ” гэх энэ онгоц АНУ-ын Тэнгисийн хүчний хамгийн шилдэг сөнөөгч юм. Олон  зориулалтаар ашигладаг бөгөөд агаар, газар ангиллын ямар ч байг өндөр цэцтэйгээр устгах чадвартай. Түүнд хамгийн сүүлийн үеийн шилдэг хөдөлгүүр суулгаснаар илүү хол зайд нисч, том хэмжээний пуужинг тээвэрлэх чадвартай болсон юм. Үүний сацуу радарт үл үзэгдэх нэмэлт тоноглолтой болжээ. Супер хэдгэнийг 60,9 сая ам.доллараар зохион бүтээсэн

Еврофайтер Тайпун (Европын Холбоо)

 

1986 оноос Герман, Итали, Их Британи, Испани зэрэг улсад амдан сөнөөх, бөмбөгдөх, өргөн хүрээнд байлдааны ажиллагаа явуулах чадалтай онгоц бүтээх Eurofighter төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний үр дүнд хамгийн дэвшилтэт цэц, хурд бүхий пуужингийн технологиор зэвсэглэсэн сөнөөгч онгоц үйлдвэрлэжээ. Хар салхи сөнөөгчийн тулалдааны чадавхийг АНУ-ын F-22 Рапторын хагастай дүйнэ гэж судлаачид үздэг. Гэхдээ Тайпун нь АНУ-ын F-15F, Францийн Рафэл, ОХУ-ын сайжруулсан Су-27-оос илүү гэж үздэг байна. Еврофайтер Хар салхи нь өнөө цагт Европын Холбооны агаарын хүчний гол тулгуур болж байгаа сөнөөгч онгоц юм. Түүний нийт өртөг 90 сая евро.

Дассолт Рафэл (Франц)

Рафэл онгоцыг Францын агаарын ба тэнгисийн явган цэргийн хүчин ашигладаг. Олон зориулалт бүхий сөнөөгч юм. Сүүлийн үеийн электрон системээр тоноглож чадсанаараа онцлог. Радарт үл үзэгдэх систем болон маш өндөр маневр хийх чадвартай. Рафэл 40 байг нэгэн зэрэг хяналтдаа оруулж, нэгэн зэрэг 4 бай руу галлах чадвартай ажээ. Энэ онгоц Францын агаарын хүчний гол тулгуур бүтээл бөгөөд АНУ-ын F-16 зэрэг орчин үеийн сөнөөгчийн сайжруулсан хувилбаруудыг найдвартай сөрж чадах сөнөөгч ажээ. Нийт өртөг нь 79 сая евро.

Сухой Су-27 (Орос)

Оросын инженерүүд ЗХУ-ын үед зохион бүтээжээ. Маш урт хугацааны инженерчлэлийн үр дүнд Зөвлөлтийн хамгийн шилдэг технологиор бүтээсэн сөнөөгч юм. Холын зайн нислэг, өндөр маневрлах чадвар маш өндөр, зэвсэглэл сайтай. Агаар-агаар ангилалын 10 пуужин тээх чадвар нь маневрлах чадвартай хосолсоноор Су-27 агаарын тулалдаанд онцгой давуу байдалтай болж, АНУ-ын F-15-аас ч илүү гэгдэж байсан юм. ЗХУ-ын үед энэ онгоц хамгийн үр дүнтэй цуврал байсан боловч түүний сайжруулсан хувилбар болох Су-30, Су-35 халааг нь аваад байна. Ялангуяа түүний залгамжлагч гэх Су-35 нь барууны орнуудын агаарын хүчинд ихээхэн аюул учруулж чадах технологиор тоноглогдсон ажээ. Үүний зэрэгцээ оросууд одоо Сухой ПАК ФА хэмээх радарт үл үзэгдэх сөнөөгч зохион бүтээж байна.

МакДоннел Дуглас F-15 Ийгл (АНУ)

F-15 Бүргэдийг дайсны агаарын хамгаалалтыг нэвтлэхэд зориулан зохион бүтээжээ. Хэдийгээр зохион бүтээснээс нь хойш 30 жил өнгөрсөн боловч эмээвэл зохих сөнөөгч онгоц хэвээр байна. Агаарын тулалдаанд эсрэг талын 100 онгоцыг сөнөөсөн гавьяа бол зөвхөн түүнийх. F-15 Бүргэд агаар-агаар ангилалын пуужинтай бөгөөд маневр сайтай. Энэ сөнөөгчийг тасралтгүй сайжруулж боловсронгуй болгож ирсэн бөгөөд 2025 он хүртэл АНУ-ын агаарын хүчинд зүтгэх гэнэ. Энэ сөнөөгчийг Израйл, Япон, Саудын Арабт экспортолдог.

Микоян Миг-31 (ОХУ)

Миг-31-г НАТО-гийн доогуур нисдэг дайрагч онгоц болон залуурт пуужингийн довтолгооноос эсэргүүцэх зориулалтаар ЗХУ-ын үед зохион үтээжээ. Энэ амдан сөнөөгч онгоц эгц дээшээ үнэмлэхүй өндөр хурдаар хөөрч чадна. Миг-31 дайсны онгоцыг холын зайнаас устгах пуужин ашигладаг. Миг-31-ийн сүүлийн хувилбар нь Миг-31 БМ юм. Миг-31 БМ-ын бай илрүүлэх технологи илүү нарийвчлалтай болсон ажээ. Оросын амдан сөнөөгчдийг Миг-31 БМ-ын стандартаар шинэчлэх ажил 2010 онд эхэлсэн байна.

Сааб JAS 39 Грипен (Швед)

Сааб Грипен нь дөрөв дэхь үеийн сайжруулсан олон зориулалттай, байлдааны хөнгөн нисэх онгоц юм. Энэ онгоцыг Шведийн батлан хамгаалах салбар агаарын довтолгооноос хамгаалах, амдан сөнөөх, газрын бай устгах, тойм судалгаа, тагнуул хийх зэрэг олон зориулалтаар ашиглаж, төрөл бүрийн пуужингаар зэвсэглэдэг. Агаарын динамикийн дэвшилтэт дизайнтай тул тулалдаанд гавшгай. Грипен богино зайд газраас хөөрдөг. Энэ онгоцны тодорхой тооны эд ангийг АНУ-аас нийлүүлдэг. Грипенийг БНЧУ, Унгар, Өмнөд Африк, Тайланд, Их Британид экспортолж байна. Тус онгоцыг 68,9 сая ам.доллартай байхад худалдан авч болно.

Чэндү буюу Ялагдашгүй Луу J-10 (БНХАУ)

Олон зориулалт бүхий J-10 нь гүйцэтгэл, чадвараараа барууны сөнөөгч онгоцнуудын түвшинд хүрсэн БНХАУ-ын анхны сөнөөгч. Энэ онгоцыг ЗХУ-ын дөрөв дэх үеийн Миг-29, СУ-27-ын аюулыг эсэргүүцэх зорилгоор зохион бүтээсэн байдаг. J-10-ыг анх агаарын супер сөнөөгч байхаар төлөвлөсөн боловч ЗХУ задарснаар олон зориулалттай болгон хувиргажээ. Онгоцыг зохион бүтээхэд барууны инженерүүдийн технологи, мэргэжлийн туслалцааг авсан юм. Тиймээс ч J-10-ын загвар нь барууны онгоцуудыг санагдуулдаг. Түүнийг 27,8 сая ам.доллараар бүтээсэн.

Локхийд Мартин F-16 Тулаанч Шонхор (АНУ)

F-16 нь F-15 Бүргэдийн хөнгөн, илүү өртөг хямд хувилбар юм. F-15 зөвхөн агаарын супер сөнөөгч бол F-16 нь агаар ба газрын байг устгах чадвартай, олон зориулалтаар ашигладаг онгоц ажээ. F-16-г олон тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд олон ч тулаанд оролцжээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 4500 ширхэг F-16-г үйлдвэрлэсэн байна. Эндээс олныг экспортод гаргасан бөгөөд дэлхийн 26 орны агаарын хүчинд ашиглаж байна. F-16 хэмжээгээр жижиг, маневрлах чадвар өндөр. F-16-г АНУ-ын агаарын хүчинд 2025 он хүртэл ашиглана. Ирээдүйд F-16-г F-35 Lighting II гэдэг шинэ сөнөөгчөөр орлуулах гэнэ.

Эх сурвалж: https://gsmaf.gov.mn