Хөвсгөл аймаг өрсөлдөх чадвараараа 13 дугаар байранд оржээ


2017-10-12 15:06:45 1

Сэтгүүлч Л.Баатархүү

   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017”-г энэ жил Хөвсгөл аймагт зохион байгуулж байна. Уг бүсэд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Орхон аймаг багтдаг. Энэ жилийн чуулган “Бодлогын уялдаа-Байгальд ээлтэй бүс” нэрийн дор зохион байгуулагдаж буй юм. Чуулганы хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, хангайн бүсийн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тус бүс нутгийн хамтын ажиллагаа гээд олон асуудлыг хамтдаа ярилцаж байна.

Чуулганыг хоёр өдөр зохион байгуулах бөгөөд өнөөдөр “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын төлөв байдал”, “Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо-бүсчилсэн хөгжил”, “Эдийн засгийн төрөлжилт:Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн ЖДҮ-ийг хөгжүүлэх нь” гэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.

Илтгэлгэгчид олон асуудал хөндөж байлаа. Тухайлбал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Бүх аймагт махны үйлдвэр байгуулах шаардлагагүй” гэсэн бол Үндэсний хөгжлийн газар, судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболд Монгол Улсын бүсчилсэн шинэ хөгжлийн бодлого гарч байгаа талаарх сонирхолтой мэдээллүүдийг өгөв. Мөн иргэд Хөвсгөл аймгийг уул уурхайн салбар руу орж газар нутгаа ухуулах шаардлагагүй, өөр чиглэлээр дагнан хөгжих ёстой гэж байв. Харин аймгийн удирдлагууд нь уул уурхайн хэд хэдэн орд газруудыг ашиглах талаар ярьж байлаа.

Дашрамд дурьдахад тус төвөөс жил бүр 180 гаруй үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг гаргадаг. Уг тоон үзүүлэлтээр Хөвсгөл аймаг ерөнхий оноогоор 21 аймгаас 13, засаглалын үр шимээр 18, дэд бүтцээр 15, бизнесийн үр шимээр дөрөвдүгээр байрт жагсжээ. Өөрөөр хэлбэл, энэ аймагт цаашид бизнес хийх боломж өндөр ч засаглал, төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа муу гэсэн дүн гарчээ.

Манай сайт чуулганы талаархи тойм, мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно. 

Нутгийн брэндийн үзэсгэлэн худалдаа


Сэтгэгдлүүд

  • зочин

    2017-10-12

    аймгууд би чадна гэж бхын оронд нэгдээд баг болж ажиллавал хөгжил амархан бна