богино мэдээ New

Баянхонгорт 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санамж бичиг байгууллаа

Баянхонгорт хөгжүүлэх боломжтой томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аймгийн нийгэм эдийн засгийн түвшин, ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулжээ..

    2017 оны 04 дүгээр сарын 03

    “Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөн өчигдөр МҮХАҮТ-д бүтэн өдрийн турш болж амжилттай өндөрлөлөө. Хөрөнгө оруулагчдыг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хамтран ажиллах боломж нөхцлөөр хангах, Баянхонгорт хөгжүүлэх боломжтой томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аймгийн нийгэм эдийн засгийн түвшин, ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд зургаан чиглэлээр 10-аад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, аж ахуй нэгжүүд 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Уг санамж бичгийг байгуулснаар Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө талууд хамтран ажиллах юм. Ингэхдээ тус аймагт шаардлагатай мэргэшсэн албан хаагч, ажилтнуудын богино, дунд, урт хугацааны сургалтыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, шинэ технологийг судлах  зэрэг томоохон ажлууд хийгдэнэ. 

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар оролцож үг хэлсэн. Тэрбээр "Хөрөнгө оруулагчид хүн ам нь хэт нягтаршсан хот руу биш хөгжлийн боломж гэрэлтсэн хөдөө орон нутагт хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай гэдгийг өнөө цагт олж харж байна. Тэр дундаа баруун аймгуудыг нийслэлтэй холбож байгаа уулзвар цэг болсон Баянхонгор аймгийг онцолж байгаад би хувьдаа нүдээ олсон гарц шийдэл хэмээн үзэж талархалтайгаар хүлээн авч байна. Бидэнд хийсэн ажил их, хийх ажил түүнээс ч их байна. Баянхонгор аймаг нь 2016-2020 онд бүтээх чадвартай өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болох томоохон зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Өнгөрсөн зуунд төрийн захиргааны байгууллага байгуулан түүнийгээ даган сум суурин байгуулж байснаас сум сууринд ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх тусам өсч байсан бол энэ зуунд бид үйлдвэрлэл үйлчилгээний парк байгуулан ажлын байр дагасан суурьшлыг бий болгох нь зүйтэй гэдгийг илхнээ харж байна. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Бид 2008 онд Ажилсаг төв төслийг санаачлан МУ-ын ЗГ-аас онц дэмжин улсын төсвөөс 3.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийхээр болж эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийж ажил урагштай явж байсныг бид мэднэ. Харамсалтай нь ажлын үр дүнгээ үзэх гэж байхад 2012 онд Ардчилсан нам төрийн эрхэнд гарснаар энэ ажлыг гацааж, хөрөнгө оруулалтыг зогсоосон. Ингэснээр МУ-ын төсөв хохирсон, үйлдвэрлэгчид хохирсон, баруун аймгийн иргэд хөдөлмөрчид хохирсон, Баянхонгорчууд хохирсон. Бид цаашид Ажилсаг төв төслийг үргэлжлүүлэн ажил хэрэг болгоно. Ажилсаг төв бий болсноор ажлын байргүй олон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хувийн хэвшлүүд ажлын байртай болно. Баруун бүсийн уулзвар цэгт үйлдвэрлэл, үйлчилгээ цогцоороо хөгжиж, баруун аймгийн иргэд хөдөлмөрчид олон зуун км зам туулж УБ-аас хүнс бараагаа авахаа больж, цаг мөнгөө хэмнэнэ. Тэнд ажлын байр дагасан суурьшил байгуулагдана. Хөгжил бий болно"    хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөнийг МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, МҮХАҮТ, ГХАНийгэмлэг, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Төлөөлөгчийн газар хамтран ажилласан байна.










Б.Сондор