богино мэдээ New

Ажлын хувцасны шилдэг үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болж байна

Тус үзэсгэлэнг "Оёдлын үйлдвэрүүдийн хөгжил нэгдэл" төрийн бус байгууллага, "Safetymall" ажлын хувцасны бөөний төвөөс санаачлан зохион байгуулж буй юм..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

     Монголд анх удаа ажлын хувцас үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсглэн өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотноо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж байна. Тус үзэсгэлэнг "Оёдлын үйлдвэрүүдийн хөгжил нэгдэл" төрийн бус байгууллага, "Safetymall" ажлын хувцасны бөөний төвөөс санаачлан зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнгээр ажлын хувцас үйлдвэрлэгч шилдэг байгууллагууд, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ажлын хувцасны загварын шоу, захиалагчтай хямдралтай үнээр урт хугацаанд гэрээ байгуулах гээд олон боломжуудыг олгож байгаа аж. 

Энэхүү үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч "Оёдлын үйлдвэрүүдийн хөгжил нэгдэл" төрийн бус байгууллагын дэд тэргүүн П.Баяржаргал ийн ярилаа. 

-Уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрээс эхлэн бүх байгууллагын ажлын хэрэгцээнд нэн түрүүнд байдаг зүйл мэдээж ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл.

Хүн өдөрт 8-10 цагийг ажлын байран дээрээ өнгөрөөдөг. Ингэхдээ бүтээмж өндөртэй байх нь биед эвтэйхэн, загварлаг, чанартай хувцас байхаас гадна хөдөлмөрийн осол эндлээс сэрэмжлэх, мэргэжлээс шалтгаалах өвчин зэргээс хамгаалах хамгаалалт болж өгдгөөрөө сүүлийн үед аж ахуй нэгж, хувь хүмүүс тусгай зориулалтын ажлын хувцас худалдан авах, захиалах нь эрс ихэссэн.

Гэтэл энэ төрлийн хувцасны эрэлт жилээс жилд өсөж байгаа хэдий ч хэрэглэгч хаанахын ямар үйлдвэрт хандах, яаж захиалах талаар хүртэл тодорхой мэдээлэл муу байдаг.

Түүнчлэн хэрэгцээ шаардлага нь ингэж өсөж буй энэ салбарт жилд ганц удаа ч болов ажлын хувцас үйлдвэрлэгч, худалдаалагч нарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдрийг хүртэл огт болоогүй. Ажлын хувцас захиалах гэж буй аж ахуй нэгжүүд жилд хэд хэдэн үйлдвэрлэгчээс байнга үнийн санал цуглуулдаг байна. Энэ нь аль аль талдаа чирэгдэл учруулж байгаа юм. Тухайн байгууллага жил болгон ингэж үнийн санал цуглуулна гэдэг нь хувцас үйлдвэрлэгч, худалдаалагч захиалагчийн хооронд ямар нэгэн тогтвортой харилцаа байхгүйг илтгэж байна. Товчхондоо тогтвортой хамтын ажиллагаа байхгүй гэж болно.

Ийм тогтвортой харилцаа байхгүйгээс болоод энэ салбарын жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байна. Энэ жил 100 хувцас захиалсан бол намар, өвлийн хувцсаа захиалж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Тэгэхээр үйлдвэрлэгч талаас захиалагчдаа итгэхгүй болж эхэлнэ гэсэн үг. Үйлдвэрлэгч байнгын тогтвортой харилцагчийнхаа итгэлийг алдахгүй нь тулд ядаж үнээ бууруулах, сайн чанарын хувцас хийж өгөхөөс авахуулаад олон сайн талууд урт хугацааны хамтын ажиллагаанаас гарах учиртай. Харамсалтай нь Монголд ийм хамтын ажиллагаа дутагдаад байгаа хэрэг. Наанадаж захиалагч, үйлдвэрлэгч хоёр тогтвортой 3-5 жил хамтарч ажиллах боломжийг хангахын тулд бид “Ажлын хувцасны ЭКСПО”-г зохион байгуулж байгаа нь энэ.