Согтуу жолоочоос болж дахин ноцтой осол гарлаа


2017-04-23 17:02:14 23

-Дархан-Улаанбаатар чиглэлийн замд согтуу жолооч урсгал сөрснөөс болж зургаан хүний аминд хүрэх шахав-

Сэтгүүлч Л.Баатархүү

    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам буюу Төв аймгийн Борнуур сум руу салдаг уулзвараас 150 метрийн зайд өчигдөр 15:40 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч урсгал сөрж ноцтой осол гаргалаа. Манай сурвалжлах баг осол болсон газар 17:30 цагийн үед очиход хоёр талдаа огцом эргэлттэй замын хэсгийн дунд орчим суудлын машинууд мөргөлдөж замынхаа баруун талд эд ангиуд нь хагарч, дугуй нь салсан гээд нэлээд хол шидэгдсэн байдалтай байв.

    Самсунг SM5 маркийн 2683ДГА улсын дугаартай суудлын машин Улаанбаатараас Дархан чиглэлд явсан бололтой урсгал сөрөн замаас гарч 50 орчим метрийн цаана зөв талын дугуй, тулгуур эд ангиуд нь их биеэсээ салж, энд тэнд цувран үсэрсэн байдалтай харагдлаа. Харин Дарханаас Улаанбаатар чиглэл рүү зорчиж явсан гэмээр Голт маркийн суудлын автомашин эсрэг урсгалын машины мөргөсөн хүчинд замын хажуу руу хүчтэй унаж, шидэгдсэн байдалтай салхины шил нь хагарсан, зөв талын урд талын хаалга цөмөрч, үрчийсэн, нэлээд эвдрэлтэй дүр зураг угтлаа.

Харин зорчигчдыг нь осол болсон газраас тав орчим км-ийн зайд байх Борнуур сумын эмнэлэг рүү түргэн тусламжийн машин авч явжээ. Ослын газар Голт маркийн машины жолооч танилын хамт байсан юм. Биднийг очиход Төв аймгийн Баянчандмань суман дахь замын цагдаагийн хэсгээс цагдаа нар ирэн хэмжилт хийж осол гаргасан согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч болон эмэгтэй хоёр зорчигчынх нь хамт /уг хоёр эмэгтэй мөн согтууруулах ундаа хэрэглэж осол гаргасныг ч мэдээгүй байсан аж/ авч явсан байв.

Голт маркийн машин дотор жолооч болон 20-иос дээш насны гурван эмэгтэй зорчигч байжээ. Тэд Борнуур сумын эмнэлэгт хүргүүлэн эмнэлгийн тусламж авч байхад бид очсон юм. Азаар тэдэнд нүдэнд харагдах хүнд гэмтэл учраагүй ч даралт нь огцом ихэссэн, гар, мөр зэрэгт хөнгөн гэмтэл авсан байлаа.

Чанх урдаас дайрсан бол амьд гарч чадахгүй байлаа

     Эдгээр зорчигчдоос ослын талаар тодруулахад “Бид замын эргэлттэй хэсгийг тойроод нэг их хурд ч авч амжаагүй удаан явж байсан юм. Гэтэл эсрэг урсгалаас нэг машин маш хурдтайгаар юу юугүй манай машины руу чиглээд ирсэн. Нэг мэдсэн чинь машин маань хоёр, гурав эргээд уначихсан. Яг чанх урдаас дайрсан бол тийм хурдтай ирж байсан машинаас бид амьд гарч чадахгүй байлаа. Харин жолооч маань тийм богино хугацаанд самбаачилж хажуу тийш төв хүчнээс нь бултаж амжсан. Гэсэн хэдий ч манай машины зөв талын хажууг дайрч бид хүчэнд нь замын хажуу тал руу шидэгдчихсэн” гэлээ.

Шоудаж явсан хариуцлагагүй нөхрөөс болж дөрвөн хүн амь үрэгдэх дөхлөө

      Мөн ослын газарт байсан Голт маркийн машины жолооч Г-ээс тодрууллаа. Тэрбээр “Би хот руу чиглэлтэй явж байсан юм. Хурд ч авч амжаагүй байлаа. Энэ машин эсрэг талаас нэлээд хурдтай ирж байснаа гэнэт зөв талаас дараад өөрөө зам давж нэг дугуй нь мултраад рамаараа газар тулж зогссон байгааг та харж байна. Миний машин, мөргөсөн хүчинд нь замын хажуу тал руу нисэж ямартай ч нэг хөрвөөсөн байх. Яг хэд эргэснийг нь сайн мэдэхгүй. Нэг л мэдсэн нөгөө тийш эргээд харчихсан байсан. Би өөрийнхөө биенд санаа зовсон юм алга. Зорчиж явсан хүмүүстээ л санаа зовоод байна. Өнөөх жолооч маань “шал согтуу” байна билээ. Машин дотор нь 30 гаруй насны хоёр эмэгтэй бас байсан. Тэд осол болсныг ч мэдэж байгаа юм алга. Ухаан мэдрэлгүй юмнууд хэвтэж байхыг бид нүдээрээ харсан. Би өөрөө ч цагдаа нарт согтууруулах ундаа уусан эсэхээ багажаар шалгууллаа. Үнэндээ энэ байдлаар бол амьд явахад тун хэцүү байна. Хоёр хүүхэнтэй шоудаж явсан нэг хариуцлагагүй нөхрөөс болж дөрвөн хүн амь үрэгдэх гэж байна шүү дээ. Биднийг бурхан ивээлээ” гэв.

Ингээд бид Баянчандмань сумын замын цагдаагийн хэсэгт ирэхэд өнөөх Самсунг SM5 маркийн 2683ДГА машины жолоочийг шонгийн модноос гавлачихсан, хөл дээрээ ч арайхийн зогсож байлаа.

Тус замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч ахмад Г.Мягмархишигээс мөн дараахи тодруулгыг авсан юм.

    -Цаг агаар дулаарсантай холбогдуулан амралтын өдрүүдээр манай энэ чиглэлийн замд хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Энэ үеэр хүмүүс найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо амралтын газруудаар ихээр зорчиж согтууруулах ундаа ч их хэрэглэж байна. Хэдхэн цагийн өмнө буюу 15:40 цагийн үед Борнуур сумын уулзвар орчим Самсунг SM5 маркийн 2683ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Болдбаатар овогтой Энхсайхан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож 1611ОРА улсын дугаартай Голт маркийн машинтай мөргөлдсний улмаас зорчигчдод нь гэмтэл учирч, эд материалд том хэмжээний хохирол учрууллаа. Бид эхний байдлаар тестээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.78 хувийн согтолттой, мөн согтолтын зэргийг нь тогтоолгохоор цусны шинжилгээг нь аваад байна. Биднийг очих үед нэлээд согтолттой байсан юм. Тэд Баянчандмань сумын дэлгүүрээс архи авч хойшоо гарч явахдаа замдаа ууцгааж ингээд зам тээврийн осол гаргажээ. Мэдээж хэрэг энэ хүмүүс цагдаагийн хяналтаас гарлаа гэж үзэн согтууруулах ундаа хэрэглэсэн байх. Товчхондоо “Би цагдаад баригдахгүй юм шүү” гэж тайвширдаг. Харамсалтай нь осол гаргана гэдгээ мартчихдгаас болж ийм харамсалтай осол, эндэл гарч байгаа хэрэг. Одоогийн байдлаар Б.Энхсайхан жолоочийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурд хэтрүүлж эсрэг талынхаа урсгалд орсон болов уу гэх урдчилсан дүгнэлттэй байна” гэсэн юм.

Цагдаа нарын хэлснээр Б.Э-ийн хувьд согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн болохоор тайлбар авах боломжгүй байгааг дуулгасан юм. Харин эрүүлжсний дараа нэмэлт тайлбар авч, нягтлах болно гэдгийг хэллээ. Бид үргэлжлүүлэх дээрх ахмадтай энэ чиглэлийн замын хөдөлгөөн, осол аваарын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэх болно.

     Ямартай ч ослын шалтгаан, хэнээс юунаас болов гэдэг цагдаагийн эцсийн дүгнэлт гараагүй хэдий ч урдчилсан байдлаар буруутай байж болох жолооч Б.Энхсайхан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртэйгээ долоон хүний алтан амь үрэгдүүлэх шахлаа. Цагаан сарын үеэр мөн л Дархан-Улаанбаатар чиглэлийн энэ замд ачааны автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргаж нэг гэр бүлийн дөрвөн хүний аминд хүрч байсан харамсалтай хэрэг гарч байв.

Эрхэм жолооч таны согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон ийм байдлаас болж өчнөөн хүний алтан амь эрсдэж санагтун!!!

Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай. 

Дарханаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан Голт маркийн автомашин нэлээд эвдэрч, замын хажуу руу шидэгдэн зорчсон чиглэлийнхээ эсрэг тал руу харсан байгаа нь

Согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Энхсайханы Самсунг SM5 маркийн 2683ДГА улсын дугаартай автомашины байдал


Сэтгэгдлүүд

  • Нэргүй

    2017-05-07

    Мөрөөрөө бөгсөө худалдахаа болиод бас жолооч нарыг согтоодог болж,энэ хоёр эм л үхвэл таарах байж

  • нэргүй

    2017-05-07

    Нэрэлхээд нэрээ идэх биш,АИХ-ын Тэргүүлэгчдийн жараад оны арван гурав дугаар зарлигыг архиваас аваад орчин цагт тохируулаж хуульчил,энэ л үр дүнгээ өгнө гэж мөн ч олон удаа хэвлэлээр хүслээ,төрийн толгойд гарсан намын луйварчидад үүнийг ухах мэдэх сэхээ алгадаа,ууж идэх авах завшихаа бодохоос цаашгүй амьтад гэдэг нь үнэн юм шивдээ.

  • bat

    2017-04-26

    ter muu 2 ynhan hamt bj boli gj boloogui um bhda ene yduu huuhnuud huniig alna shu iim malnuudiig yah be

  • bat

    2017-04-26

    ter muu 2 ynhan hamt bj boli gj boloogui um bhda ene yduu huuhnuud huniig alna shu iim malnuudiig yah be

  • bat

    2017-04-26

    ter muu 2 ynhan hamt bj boli gj boloogui um bhda ene yduu huuhnuud huniig alna shu iim malnuudiig yah be

  • bat

    2017-04-26

    ter muu 2 ynhan hamt bj boli gj boloogui um bhda ene yduu huuhnuud huniig alna shu iim malnuudiig yah be

  • Дархан

    2017-04-24

    дорноговийн халтайсан ухна халтар жингэрүүд үхсэнээ гуйлгачилж явсийн ацнууд элсэн дундаа эвхрээд орооцолдоод хэвтэж байх нь яасийн

  • hunii uuriin buun huniig shanalal eruul mend ediin zasagaar hohirooloodoo

    2017-04-24

    aygui bol leasingeer avsan mashin baigaadaa

  • ssssss

    2017-04-24

    zugeer l horih shiidwer gargamaar ymaa ydaj sogtugar mashin joloodwol dor hayj 1-2sar bariwchlah ymuu horij bwal taarna engewel mongo setgel sanaa gd ih zuileer hohirmo shde mongoor torgohoor tolchood l garchaad bn shdee horij bj l humuusiig hashraana tegehgui bol humuus mongon tolboriig tolchood l garj ireed bn

  • Huns

    2017-04-24

    Sogtuu joloo barisan humuusiig horidog bolmoor bn 1jilees 3jil suudag bolgoh heregtei