Интернетийг илүү үр ашигтай хэрэглэх боломж бүрдлээ


2017-04-11 15:48:21 3

Сэтгүүлч Н.Уранхолбоо

     Үндэсний хэмжээний анхны мэдээллийн нэгдсэн сүлжээ www.sum.mn сайт мэндэллээ. "Аймаг орон нутаг, сум, малын бэлчээрээс ч өөрсдийн хэрэгцээтэй мэдээллийг хүртэж, зар оруулж бас мэдээлэл илгээж болох, бүхий булан, цэсээ уншигчын хэрэгцээ, шаардлагад зориулан бүтээсэн" гэдгийг "Сум мэдээллийн сүлжээ" ХХК-ийн захирал Ч.Дашдэлэг онцоллоо. Түүнчлэн зэргэлдээ аймаг, суманд ямар арга хэмжээ болж буй, ямар бүтээгдэхүүн, бараа таваар зарж буйг ч харах боломжтай юм байна. Дэлгэрэнгүйг тус сайтын редакцийн танилцуулгаас уншина уу. Дашрамд дурьдахад уг цахим хуудсыг вэб, программ хангамжийн мэргэжлийн үйлдвэрлэл "Цас солюшн"-ны залуус бүтээжээ. 

Монголчууд бид интернэт хэрэглэдэг болоод 20 гаруй жилийг үдсэн ч энэ гайхамшигт боломжийг 100 хувь ашиглаж чадахгүй байгаа. Минут, секундээр хөгжин дэвшиж буй мэдээллийн эрин хүмүүсийн ажил амьдралд олон талын боломж олгодог шигээ мөн дутахгүй хэмжээний сөрөг үр дагавар бий болгодог.

Тухайлбал, өнөөдөр хэнбугай ч дурын домэйн нэр худалдаж аваад цахим хэвлэл ажиллуулах боломжтой болсон. Онлайнд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр блог хөтөлсөн ч болно. Гэхдээ энэ олон боломж маань эргээд чанарын дутагдалд орох буюу хүний хэрэгцээг хангаж чадахгүй боллоо.

Хэлбэр хийц, агуулга бодлогын хувьд огт ялгарахгүй хэдэн зуугаар тоологдох мэдээллийн сайтууд улс төр, нийгмийн амьдралд өрнөж буй цөөн үйл явдлыг бүгд нэгэн зэрэг, нэг адил давтаж байна.

Нийгмийн цахим сүлжээ ч ялгаагүй мэдээлэл харилцааны талбарт цоо шинэ боломж болж гарч ирсэн хэрнээ бас л тоочиж баршгүй сөрөг хүчин зүйл ихтэй боллоо.

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай, 60  гаруй сая малтай, өргөн уудам газар нутагтай хэрнээ бараг л Улаанбаатар гэдэг улс болж хувирчихаад байна. Тодруулбал, нийт хэвлэл мэдээллийн дийлэнх хувь нь зөвхөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж, нийслэлийн аж амьдралын мэдээлэл түгээдэг.

Аймаг бүрт хэвлэл мэдээллийн хэрэгсэл байвч бүх нийтэд хүртээмжгүй, танигдаагүй гэх мэт дутагдал бий. Товчхондоо, интернэтийг мэдээллийн төгс хэрэгсэл гэдэг утгаар нь ашиглаж чадахгүй байгаа юм.

Тэгвэл “Сум мэдээллийн сүлжээ” агентлаг Монгол Улсын иргэн бүрт, тэр дундаа эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 330 сумын иргэд, бизнес эрхлэгчид, төр захиргаа, олон нийтийн байгууллагынхан гээд нийгмийн бүх салбарт мэдээлэл харилцааны цоо шинэ боломж олгож байна!

Танд ямар ямар боломж олдож байна вэ?

Мэдээлэл

Сум мэдээллийн сүлжээ буюу www.sum.mn танд улс орон даяар өрнөж буй үйл явдал, төр засгийн шийдвэр, нийгмийн амьдралын хамгийн хэрэгэй чухал мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ. Манай сайт нь мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн редакцтай.

Бүх сум

Бид анх удаа Монгол Улсын 21 аймгийн 330 сум /нийслэл хот, есөн дүүрэг/-ын мэдээллийг нэг дор нэгтгэж чадлаа. Уншигч та газрын зураг дээрээс аль ч аймгийг сонгон орж, тухайн аймгуудын бүх сумтай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Шилдэг туршлага

Сайн малчин, тэргүүний тариаланч, эрдэмтэн багш, чадварлаг эмч, дарга, цэрэг гээд хэн бүхий ажил амьдралын шилдэг туршлагын бодит түүх энэ хуудаснаа төвлөрнө. Монголчууд маань энэ боломжийг ашиглан бие биеэсээ суралцах, арга туршлагаа хуваалцах, өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусдадаа түгээн дэлгэрүүлэх боломжтой юм.

Шилмэл мал

Монгол орны унаган болон гадаадын шилмэл малын үүлдэр угсааг энд дэлгэрэнгүй танилцуулах юм. Гэхдээ зөвхөн танилцуулга төдий мэдээлэл оруулаад зогсохгүй та өөрийн шилмэл малаа нийтэд сурталчлах, худалдан боруулах ч боломжтой юм. Мөн мал аж ахуйн салбарынхан маань хаана, хэнд ямар үүлдэр омгийн мал ямар үнэ ханштай байгааг энэ хуудсаар дамжуулан мэдэж, малынхаа үүлдэг угсааг сайжруулах, үржил селекцийг шийдвэрлэх боломжтой.

Нутгийн брэнд

Дэлгэр монгол оронд маань хэмжээлж баршгүй үнэ цэнэтэй, тоочиж баршгүй брэнд бий. Хясаанд нуугдсан сувд мэт тэр брэнд бүрийг ил гарган гялалзуулах боломж урьд өмнө www.sum.mn –ээс өөр байсангүй. Харин одоо манай сайт “Нутгийн брэнд” хуудсаараа монголынхоо бүхий л брэндийг сурталчлан таниулж эхэллээ. Монголын аль ч хязгаарт, малчны гэрт улсаа хөгжүүлэх брэндүүд байдаг билээ. Брэнд гэдэг зөвхөн бүтээгдэхүүн биш. Үзэсгэлэнт сайхан нутаг ус, өв соёл гээд аймаг, сум бүрт гайхалтай брэнд бий.

Зар

Зарын маш олон сайт байдаг ч манай сайт бүс нутгийн хамаарлыг шийдсэнээрээ, үнэ төлбөргүй, хэрэглэгчид маш хялбар байдлаараа бусдаас онцгой. Та аль нэг аймгийн болон сумын мэдээллийг уншихад тухайн аймаг, сумтай хамааралтай зарууд ялгарч харагдана. Товчхондоо, бид 330 сум тус бүрт өөрийн гэсэн зарын үнэгүй сайт хийгээд өгчихлөө гэсэн үг. Та ямар ч төрлийн зар оруулж болно. Жишээ нь, нэг сумаас аймаг, хот явах тээврийн жолооч дэлгүүр, захиргааны үүдэнд цаасан дээр зар бичиж наах ямар ч шаардлагагүй боллоо. Мөн та өөрийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний зарыг яг зорилтот хэсэгтээ буюу зөвхөн хамааралтай аймаг, сумын хэрэглэгчид уншуулах боломжтой гэсэн үг. Энэ бол зарын төгс сайт.

Уран бүтээл

Монгол бол авьяастны орон. Улс, дэлхий даяар нэр алдар түгсэн уран бүтээлчдээс гадна хэнд ч танил болоогүй хэрнээ хэнийг ч үл дагуулах лут авьяастнууд эх оронд маань бишгүй бий. “Талд нуугдсан энэ их авьяас таны толгой дээр цахиур хагална...” гэдэг үгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч тэр сайхан авьяасуудыг олны хүртээл болгож, үнэлж, урамшуулж, өнгөлж зүлгэх боломж байсангүй. Харин одоо манай сайт үүнийг хийх болно. Интернэт, цахим сүлжээ гээчийг бид ингэж л үр дүнтэй ашиглах ёстой юм.

Энэ хуудсаар дамжуулан бид монголынхоо сор болсон урлагийн бүтээлүүдийг хүлээн авч, тэдгээр уран бүтээл аль аймгийн аль сумаас, ямар нутаг уснаас үүдэлтэй болохыг танин мэдэж, шинэ залуу уран бүтээлчдийг төрүүлэн гаргаж, эх орныхоо урлагийн алтан санг улам арвижуулан баяжуулахад хувь нэмрээ оруулах болно.

Танд хэрэгтэй

Энэ хуудас хүнд хэрэгтэй бүхнийг нийтэлнэ. Бизнесийн байгууллагууд бидэнтэй хамтран энэ орон зайд хүнд хэрэгтэй гэсэн бүхий л ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж болно.

Зугаа

Энэ цэснээс та хөгжилтэй, хөнгөн, зугаатай, энтертайнмент мэдээллийг хүлээж авна. Та хэзээ ч уйдахгүй.

Иргэний индэр

Энэ бол эрхэм уншигч таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх талбар. Та энэ боломжийг ашиглан олон нийт болон төр засагт өөрийн дуу хоолойг хүргээрэй. Мөн нутаг орондоо шийдвэрлэх шаардлагатай асуудал, шийдэр гаргах түвшнийхэнд хандсан шүүмжлэл, сайшаалын алийг ч илгээж болох юм. Ингэхдээ та заавал и-мэйл буюу цахим шуудантай байх шаардлагагүй. Мэдээллийг маш хялбархан илгээх техникийн боломж бүрдүүлсэн.

Мэдээлэл илгээх

Манай сайт орон даяар болон дэлхийн өнцөг булан бүрт тогтмол ажилладаг олон зуун сэтгүүлчтэй хамгийн том редакц гэвэл та итгэх үү? Үнэндээ энэ тоглоом биш. Иргэн таныг сэтгүүлч болох боломжийг бид олгож байгаа юм. Та бусдад түгээх шаардлагатай гэж үзсэн бүхий л мэдээллийг тодорхой баримтын хамт интернэтэд холбогдсон хаанаас ч илгээх боломжтой. Ингэхдээ зохих зааврыг баримталж, шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь иргэн хүний мэдээлэл хайх, мэдээлэл авах эрхээс гадна “Мэдээлэл түгээх” эрхээ эдлэх бодит боломж билээ.

Мөн аймаг, сум бүр бүхий л мэдээ мэдээллээ манайд илгээж, нийтлүүлснээр тухайн мэдээллийг хүргэх гэсэн зорилтот бүлэгтээ /нутгийнхандаа/ тухай бүр хүргэж чадна.

Эрхэм уншигч, хэрэглэгч, харилцагч та бүхэн эдгээр боломжийг ашиглан өөрсдийн цахим хэрэглээг цоо шинэ шатанд гаргах болно. Интернэтийг илүү үр ашигтайгаар хэрэглэцгээе. Хөгжилд тэмүүл!     

 

Жич:

- Урьд өмнө 21 аймгийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах гэсэн оролдлого нэг бус удаа гарч байжээ. Гэвч аймаг бүрийн өөр өөр мэдээллийн сайтын холбоосыг нэгтгэх төдийгөөс хэтрээгүй юм.

- 2013-2016 онд НҮБ-ийн 3.5 сая ам.доллар  /найман тэрбум гаруй төгрөг/-ын санхүүжилтээр УИХ-ын ТББХ-ноос хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийсэн www.khural.mn сайт 330 сумыг хамарсан боловч зөвхөн Иргэдийн хурал, төслийн сургалт гэх мэт албан мэдээлэл оруулдаг нийтийн хэрэглээнд хязгаарлагдмал, албан сайт юм.

- Өдгөө зөвхөн “Сум мэдээллийн сүлжээ”  www.sum.mn  сайт монголын бүх аймаг, дүүрэг, сумыг хамарсан мэдээлэл харилцааны төгс шийдэл бүхий хамгийн өргөн боломжтой сайт болоод байна.


Сэтгэгдлүүд

  • батбилэг

    2017-04-11

    хэвлэл мэдээлэл зах зээлээ ингэж оновчтой харах ёстой. энэ сайт хага шаалаа дааа

  • зочин

    2017-04-11

    за ёстой надад хэрэгтэй сайт бүтээчихлээ дээ. амжилт хүсье. мэдээллээр сайн баяжуулаарай

  • unshigch

    2017-04-11

    bayar hurgye. yag tsag ue, oron zaigaa olj harsan sait hiisen bna