"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт болно


2017-04-10 12:54:44 0

Сэтгүүлч Б.Баяртогтох

    Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 22-23-нд болох гэж байна. Тус чуулга уулзалт Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвийг онцолжээ. Хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх нь чуулганы гол зорилго аж. Зөвхөн хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулаад зогсохгүй чуулга уулзалт иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох юм. Мөн дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа энэ үеэр хуваалцаж, оролцогчид зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл сонсох юм байна. Илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, бизнес уулзалт, үзэсгэлэн, санхүүгийн бараа, бүтээгдэхүүний танилцуулга нэг дор цогцлох нь. 

Ухаалгаар хуримтлалаа удирддаг хөрөнгө оруулагч үндэстэнг бий болгохоор зорьж буй чуулга уулзалт олон зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал, эдийн засаг дахь банк санхүү болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох нь чуулганы зорилтын нэг хэсэг. Учир нь, Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбарт дангаар бүрдүүлж байгаа юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага тулгарч буй.

Санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт боломж, гарц, шийдэлд төвлөрөх аж. Энэхүү арга хэмжээ сонирхсон иргэдэд нээлттэй ажээ. Чуулга уулзалт "Corporate Convention Centre"-д болох юм. Хэлэлцэх үндсэн сэдэв дотор хөрөнгө оруулалт гэж багтсан. Тус сэдвийн хүрээнд хувийн санхүү, хөрөнгөө хэрхэн зөв удирдах талаар хэлэлцэх юм. Чуулга уулзалтын үеэр иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан шинэ номын нээлт болох юм байна. Цар хүрээгээрээ Монголын эдийн засгийн чуулгантай эн тэнцэх "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы хоёр дахь өдөр нь "Ард санхүүгийн нэгдэл" болон "Хөрөнгө оруулагч үндэстэн" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох аж.