богино мэдээ New

Монголын ирээдүй Солонгос руу "дүрвэж" байна

“Алив доош буугаарай”, “Одоо дөнгөж аравхан хүн орлоо”, “хүйтэн байна шүү” гэх хүмүүсийн дуу Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадаах үүдээр зөрөх хүн бүрт сонстоно. Тэд бол БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахын тулд хэлний шалгалтанд нь бүртгүүлэхээр дугаарлан хонож буй эрчүүд..

Сэтгүүлч Э.Сайнзаяа /www.time.mn/

 “Алив доош буугаарай”, “Одоо дөнгөж аравхан хүн орлоо”, “хүйтэн байна шүү” гэх хүмүүсийн дуу Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадаах үүдээр зөрөх хүн бүрт сонстоно.  Тэд бол БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахын тулд хэлний шалгалтанд нь бүртгүүлэхээр дугаарлан хонож буй эрчүүд.

Тус дүүргээс ердөө 750 иргэн хэлний шалгалтанд бүртгүүлэх квоттой ч дөнгөж эхний өдөр 400 гаруй иргэн дугаарлан хоножээ. Тэдний хэлснээр өчигдөр буюу ням гарагийн 16:00 цагийн үеэс иргэд цугларч эхэлсэн аж.  Хүн бүр л зохион байгуулалт нь хангалтгүй байгаад бухимдаж байлаа. Тиймдээ ч тэд өөрсдөө зохион байгуулалтын анхан шатны арга хэмжээ авч эхэлжээ. Ингэхдээ тэд түрүүлж ирснээсээ эхлээд нэрсээ цагаан цаасан дээр бүртгүүлэх бөгөөд энэхүү дарааллаараа дуудагдан дотогш бүртгэлийн танхим руу орох аж.

Өглөө 09:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талд үймсэн олон дунд цахилгаан бороохой гялалзуулсан цагдаа нар арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл ирсний дагуу бид сурвалжлахаар очсон нь энэ юм.

Энэ жилийн хувьд БНСУ-аас 8000 иргэнийг бүртгэж, 1500 иргэнтэй гэрээ байгуулан ажиллуулах аж. Холбогдох албаныхан сонгон шалгаруулж авах хүний тоо харьцангуй цөөн учир солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэдийг бүртгүүлэхийг зөвлөсөн.

Иргэдийн хувьд 24 ам.доллар төлөөд бүртгүүлж л байвал шалгалтанд бэлдэх хугацаа байгаа гэдэгт итгэлтэй байв.

Тэр дундаас 60 гаруй насных болов уу гэж харагдах эгч “Бүртгүүлж амжих нь уу” хэмээн ихэд зовнингуй зогсож байгаа нь нүдэнд тусав.

Иргэн Н.Хандаа: Эгч нь золголтынхоо мөнгийг хадгалж байгаад тушаасан

Хэлний шалгалтанд 18-39 насныханыг бүртгэж байна гэж ойлгосон. Та энд юу хийж байгаа юм бэ?

Эгч нь хүүхдээ бүртгүүлж явна. Хүү маань 30 гаруй насны залуу бий. 300 дугаарт нэрийг нь бичүүлсэн. Хүлээгээд л зогсож байна.

Хүү нь яасан юм бэ?

Манай хүү ажилдаа явсан. Эгч нь нэрийг нь дөхөхөөр дуудна даа.

Эндээ ажиллаж болдоггүй юмуу?

Ажиллаж байгаа газар нь цалингаа тавьж чадахгүй удаж байна. Хий дэмий л хүнд ажиллаад байдаг ямар ч цалин мөнгө байхгүй. Үр хүүхэд нь хоол унд муутай хэцүүдэж байна шүү дээ.

Дээд боловсролтой юу?

Миний хүү чинь дээд боловсролтой байлгүй яахав. Англи, орос, солонгос хэлтэй. Компаниуд өндөр цалин амлаж ажилд авчихаад цалингаа өгөхгүй байгаа нь л зовлон болж байна. Бидний үед ажилласан цагийн цалинг нь яс өгдөг байсан. Одоо амьдрал улам л доройтоод байх шиг.

24 ам.доллараа тушаачихсан уу?

Энд байгаа хүмүүс бүгдээрээ 24 доллар тушаасан байх ёстой. Эгч нь золголтынхоо мөнгийг хадгалж байгаад тушаасан. Хамгийн гол нь шударга байгаасай л гэж бодож байна.

Үр хүүхдээ хэлний шалгалт өгөөд Солонгос улсад ажиллаж амьдралаа дээшлүүлж чадна хэмээн итгэсэн эх ийнхүү олон залуусын дунд дугаарлан зогсох аж. Харин дараа нь 20 гаруй насны залуутай хэсэг ярилцав.

Иргэн Б.Нэргүй: Эхнэрээ ЕБС-д багшаар оруулах гэж 2 саяын хахууль өгсөн

24 ам.доллараа тушаачихаад одоо бүртгүүлэх гээд зогсож байна уу?

Монгол мөнгөөр 59700 төгрөг боллоо. Банк 09:00 цагаас нээсэн. Харин бүртгэл 8:30-д эхэлсэн. Мөнгөө тушаагаагүй бол бүртгэлд хамруулахгүй учир банкинд оочерлож байгаад ирлээ. Гэхдээ урд шөнө энд хоносон.

Нэрсээр нь дуудаж байх шиг байна. Нэрээ бичүүлж амжсан гэсэн үг үү?

Сая бүртгэл эхлэнгүүт зарим нь чихээд түрүүлээд орчихсон. Эхнэр маань нэрээрээ дуудагдаад дотогш орсон байгаа. Би өөр дүүрэгт бүртгүүлнэ.

Та хоёр дээд боловсролтой юу. Эх орондоо ажиллах нөхцөл боломж алга гэж үү?

Би Энэтхэгт инженерээр төгсөөд Монголдоо ирсэн. Харин эхнэр маань МУИС-ийг Түүх, нийгмийн багшаар төгссөн. Надад одоохондоо ажил олдоогүй л байна. Эхнэрийгээ ЕБС-д багшаар оруулах гэж хоёр сая төгрөгийн хахууль өгсөн. Гэсэн ч сарын цалин нь 400-500 мянган төгрөг болохоор  бидний амьдралд хүрэлцэхгүй байгаа. Тиймээс хоёулаа Солонгос явахаар бүртгүүлье гэж шийдсэн.

Ийнхүү яриагаа дуусгаж байтал “Гадаа хонох ч чанга байна шүү” гэсээр нэгэн залуу биднийг зорьж ирэв.

Иргэн Л.Цогбадрах: Боломжийн цалинтай бол гэр бүлээ орхиод явахыг хэн ч хүсэхгүй шүү дээ

Өчигдөр хэдэн цагийн үед ирэв ээ?

10.00 цагийн үед ирсэн. Энд зохион байгуулж байгаа нэг ч хүн байхгүй. Өчигдөр түрүүлж ирсэн хүмүүс өөрсдөө зохион байгуулалтанд ороод нэрсээ бичсэн.

Юу хийдэг вэ. Яагаад БНСУ-ыг зорих болов?

Яагаад гэж үү... Та хүмүүсийн гар дээр авч буй цалинг бодоод үздээ. Дундаж цалин 500 мянгаас хэтрэхгүй байна. Төсвийн байгууллагад дээгүүр албан тушаалтай бол 700-800 мянган төгрөг авч байгаа байх. Ийм цалинтай залуус яаж байр машинтай болж, яаж гэр бүлтэй болох вэ. Үр хүүхдээ юугаар тэжээх юм. Ядаж л бүр дор хаяж сая төгрөгийн цалинтай байж лизинг төлөх нөхцөл бүрдэнэ шүү дээ. Би хэвлэлийн салбарт ажилладаг. Байгууллагууд цалин мөнгөө тавьж чадахгүй, сүүлийн жил эдийн засаг маш хүнд байна. Нийгмийн даатгал төлдөггүй газрууд ч бий. Боломжийн цалин мөнгөтэй бол юу гэж л хайртай эхнэр хүүхэд, өндөр настай эх эцгээ үлдээгээд гадагш явах гэж байдгаа барахав.

Хэлнийхээ шалгалтанд хэр бэлдэв?

Хэл үзээд эхэлчихсэн. Шалгалт хүртэл нэг сарын зай байна. Тэр болтол уйгагүй үзнэ ээ.

Цагдаа нар энд ирсэн байна. Эмх замбараагүй байдал үүснэ гэж сэргийлж байгаа бололтой?

Цагдаа нар энд юугаа хийхэв дээ. Цахилгаан бороохой дуугаргаж, сүрийг үзүүлээд л байж байна. Манайхан бүгд л ядарч зовж байгаа юм болохоор их л эвтэй байна шүү дээ гэсээр инээмсэглэн үлдэв.

Олны дунд шахцалдсаар Соёлын ордны хаалга руу дөхөж дотогш орохыг хүсэв. Албаны залууд сурвалжлага хийж байгаа тухайгаа тайлбарлатал бүртгэлийн танхим руу орохыг зөвшөөрсөн юм. Дотор гурван ажилтан материалыг нь хүлээн авч албаны дарга нь баталгаажуулснаар бүртгэл хийгдэж дуусах аж.

ХУД-ийн хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Х.Пүрэвдорж: Бүртгэлийн хугацаанд шалгалтын хураамжийг буцаах боломжтой

Бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй хичнээн иргэн одоогоор бүртгүүлээд байна вэ. Тэднээс хэд нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох вэ. Энэ талаар тодруулаач?

Улсын хэмжээнд 8000 иргэн бүртгэнэ. Харин бүртгүүлсэн иргэдээс 1500 нь л БНСУ-руу явах боломж нээгдэнэ. Манай дүүргийн хувьд шалгалтанд 750 иргэн хамруулах квот ирсэн байгаа. Гадаа маш олон хүн цугласан байна. Одоогоор 20 иргэний материалыг хүлээж аван бүртгэсэн.

Бүртгэл хэзээ дуусах вэ?

Өнөөдрөөс 9-ний өдрийг хүртэл 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд бүртгэх чиглэл ирсэн.

Иргэд бүртгүүлэхээр ирэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Бүртгэлийн маягтаа үнэн зөв бөглөсөн байх шаардлагатай. Англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичиж овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаараа зөрүүлж болохгүй. Иргэний үнэмлэх, хуулбар мөн цээж зураг, шалгалтын хураамж төлсөн байх шаардлагатай.

Хэрвээ бүртгэлээ цуцлахаар болвол шалгалтын хураамжаа эргүүлэн авах боломжтой юу?

Бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгож болно. Харин энэ хугацаанаас цаашилбал хураамж буцаан олгохгүй.

Насны байдлаар нь авч үзвэл хэдэн насныхан зонхилж байна вэ?

Дийлэнх нь 20-27 насны залуус байна.