богино мэдээ New

Шүүхэд нөлөөлөх оролдлогууд

Дорнодоос сонгогдсон гишүүн хаа байсан Сэлэнгийн ордод “санаа тавиад” байгаа нь Дорнодын Цагаан-Овоогийн ордын лицензийг өөрийн болгох санаархлын илрэл үү, үгүй юу?.

Сэтгүүлч Н.Учрал /www.news.mn/

    Гацууртын ордтой холбоотой маргааныг хэлэлцэж буй Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 6 сард гаргаж байсан шийдвэрийнхээ эсрэг шийдвэрийг 2017 оны хоёрдугаар сарын 9-нд гаргалаа. Тус ордын хил заагтай холбоотой Засгийн газрын тогтоол шийдвэрийг “хэрэгт хавсаргах нь зүйтэй” хэмээн үзэж байснаа жилийн хойно “хавсаргах шаардлагагүй” гэж үзсэн нь Иргэний хөдөлгөөнүүдийн нөлөөнд орсон байж магадгүй хэмээн хардахад хүргэж байгаа юм.

Үндсэн маргаан руугаа одоо болтол ороогүй, нотлох баримт тойрон маргалдаж буй “Ноён уулаа аварья” ТББ болон Ашигт малтмалын газар хоорондын маргааныг шийдвэрлэх учиртай шүүх хурал өнгөрсөн хугацаанд арав орчим удаа товлогдсон. Шүүх хурал товлогдох бүрт тус ТББ-ынхан олуулаа сүр бадруулан хүрэлцэн ирдгээс гадна шүүх танхимд баахан камер дагуулдаг. Жил гаруйн хугацаанд өөрсдийн гэсэн эрдэмтэн, өмгөөлөгч, археологич, тоймч, тэмцэгч, хамгаалагчтай болж амжсан тэд ингэж сүр бадруулдаг нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэдэг нь хурлаас хуралд тодорхой болсоор байгаа юм. Давж заалдах шатны шүүх өмнөхөө үгүйсгэсэн шийдвэр гаргасан нь энэхүү хардлагыг баталж байна.

Түүгээр зогсохгүй ТББ-ынхан хуульчдыг хэлэх хэлэхгүй үгээр хэлэх, доромжлох, сүрдүүлдэг талаар одоо ярих цаг нь болжээ. “Ноён уулыг ухуулбал, эцэг эхийн чинь булшийг ухаж, хөндөнө шүү” гэх зэргээр тэднийг удаа дараа заналхийлж байна. Шүүгч нар шийдвэрээ хэлэлцэхээр шүүх танхимыг орхисон үед ТББ-ын төлөөлөгчдийн гаргадаг авирыг (удахгүй дэлгэнэ.сур) та бүхэн харсан сан бол ямар авир төрхтэй хүмүүс гэдгийг нь таньж ой гутах болно. Шүүх хуралд оролцохоор ирсэн өмгөөлөгчийн биед нь хүртэл халдсан хэрэг гарсан. Уг нь Монгол Улсын хуулинд хуульчид нөлөөлөх оролдлого хориотой. “Нөлөөллийн мэдүүлэг” хөтөлдөг болсноос хойш энэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж, эхнээсээ хуулийн хариуцлага хүлээж эхэлсэн гэдгийг ТББ-ынхан хатуу санах хэрэгтэй юм.

ТББ-ынхан шүүх хуралд олуулаа ирдэг нь хэд хэдээрээ хуваагдан шүүх хурлын талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, толгойг нь угаасан мэдээлэл цацах гэж хичээдэгтэй бас холбоотой. Хамгийн сүүлийн буюу 2 сарын 9-нд болсон шүүх хурлын тухайд гэхэд л зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэдний амаар, бодит байдлыг илтээр гуйвуулан “Гацууртын лицензийг цуцалсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ”, “Хил заагийг тогтоох хүртэл Гацууртын ордыг ашиглахыг түдгэлзүүллээ” хэмээн мэдээлж байх жишээний. Одоогоор Гацууртын тусгай зөвшөөрлийг цуцалсан ямар ч шийдвэр шүүхээс гараагүй. Хил заагтай холбоотой маргаан, ашиглалтын эрх хоёр хоорондоо огт холбоогүй юм.

Удаа дараа, системтэйгээр ташаа мэдээлэл тарааж байгаагаас үнэн зөв, бодитой, олон эх сурвалжтай мэдээлэл гаргах үүрэгтэй зарим сэтгүүлч нар хүртэл “Гацууртын лицензийг цуцалсан”, “Шүүхийн маргаан дуустал үйл ажиллагаа нь түр зогссон” хэмээн хариуцлагагүйгээр мэдээлсээр байна. Хоёрдугаар сарын 9-ний шүүх хурлын тухай АМГ-ын газрын дарга Б.Баатарцогт “Ноён уул орчмын газрыг УИХ-аас тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарсан. Гэхдээ Гацууртын ордын үйл ажиллагаа эрхлэх тэр хэсэг дэх тусгай зөвшөөрөлтэй талбай стратегийн орд учраас тусгай хамгаалалттай газрын хил хязгаарт ороогүй. Манай газраас тус компанид тусгай зөвшөөрөл олгох анхны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа” хэмээн хариулсан байна. Бодит байдал “ийм” байхад, “тийм” байгаа мэтээр ТББ-ынхан мэдээлдэг байх нь.

“Ноён уулаа аварья” ТББ-ынхны эцсийн зорилго бол уул усаа аврах чин сэтгэл биш болов уу. “Нэгэнт зөвшөөрлөө өгөх гэж байгаа бол Монголын компанидаа өгчихөөч” гэж тэд улайм цайм ярьж байгаа. Гишүүн асан Г.Уянга “Заавал Сентерра гоулд ч юм уу эсвэл гадны компаниар олборлуулах ямар ч шаардлага байхгүй. Энэ ордын алтыг бол маш хялбар олборлох технологитой, монголын ямар ч компани хийчхэж болно” гэж өгүүлсэн. Гацууртын ордод Хөвүүлэн баяжуулах, биологийн аргаар исэлдүүлэх байгууламжийг заавал барьж байж олборлох ёстой. Нийтдээ 890 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Исэлдүүлэх байгууламж барих нь улс төрч Г.Уянгад тун амархан байгаа бололтой. Харин өмгөөлөгч Г.Батбаяр “Ноён ууланд алтны нөөц илэрсэн. Үүнийг Монгол ашиглах уу, эсвэл гадаадынхан ашиглах уу гэдэг нь маргааны гол зүйл. Яагаад монголчууд өөрсдөө ашиглаж болохгүй гэж” хэмээн жилийн өмнө өрнүүлсэн шүүхийн маргааны цаад шалтгааны талаар ам алдсан нь бий. Монголын компанид өгье гэдгийн цаана юу ч хийхээс буцахгүй, шүдээ хүртэл зэвсэглэсэн нинжа нарын бүлэглэл байгаа юм биш биз?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ч “Гацууртын ордыг ухна гэснээс Цагаан-Овоогийн ордыг стратегийн ордод хамруулаад Монгол Улсад өгөх хувийг нь өгөөд ашиглаж болно шүү дээ” гэж ярьсан. Дорнодоос сонгогдсон гишүүн хаа байсан Сэлэнгийн ордод “санаа тавиад” байгаа нь Дорнодын Цагаан-Овоогийн ордын лицензийг өөрийн болгох санаархлын илрэл үү, үгүй юу?

Гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй гэж засаг төр нь үзэж байхад, гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдэх тухай “эх орончид” ийн сэрүүн зүүдэлж байна. “Тэмцэх нь ажил нь болчихсон энэ улсууд жил гаруйн хугацаанд ар гэр, амьдрал ахуйгаа яаж авч явдаг улс юм бол доо” хэмээн манай нэртэй нэгэн эдийн засагч фейсбүүктээ халаглан бичсэн байсан нь тэдний үнэн төрхийг илчлэхийг шаардах шиг.

Төр төмөр нүүртэй. “Ноён уулаа аварья” ТББ-ын нөхдийн эдийн засгийн цаад санаархлыг нь тас цохин, төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон бус уу.