богино мэдээ New

На.Сүхбаатар: Цагаан сар бол ёс заншил төдий зүйл биш

Боовыг олон үе давхарлаж, идээ засдаг ёс 19-р зууны төгсгөлөөс эхлээд өнөөдөр дээд цэгтээ хүртэл хөгжиж байна. Монголчууд хэзээ буудай тариалдаг болсон, гурил яаж боловсруулж гаргаж авдаг болсон бэ зэргийг бид бодох ёстой. Бурхны өмнө тавьдаг тахилд ордог гурилан идээ явсаар хүндэтгэлийн ширээнд шилжиж, 20-р зууны эхэн үеийн монгол даяар хүрээ хийд бараадан аалзны тор мэт сүлжсэн хятад худалдаачдын гурил, боовоо хөөрөгдөн сурталчилсны үр дүнд олон давхарласан идээ үүсэж, манай соёлд байр сууриа нэгэнт эзэлжээ. .

                                                                                      -БИТҮҮЛГИЙГ БУРУУ ОЙЛГООД БАЙНА-

Тоймч Л.Баатархүү

МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны доктор, дэд проф На.Сүхбаатартай ёс заншил, цагаан сарын үүсэл хөгжил, онцлогийн талаар ярилцлаа.

-Танд нийт уншигчдынхаа өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлье. Монголчууд Цагаан сарыг чухам хэдий үеэс эхэлж тэмдэглэж эхлэв гэдгийг түүх сурвалжид хэрхэн үлдээсэн байдаг вэ. Нөгөөтэйгүүр энэ баярыг ямар улиралд тэмдэглэдэг байсан юм бол гэдгээс яриагаа эхэлье?

-Юун түрүүнд нийт уншигчиддаа сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сар бол төрт ёсны том баяр, ардын дундаас гарч ирсэн ёс заншил төдий зүйл биш. 1206 онд Монголын нэгдсэн төр улсыг байгуулсны дараа төрийн зарлиг захирамжаар олон овог аймгийн ёс заншлыг тэгшлэн, хэлбэр агуулгыг нь тогтоож, төрт ёсны хэмжээнд тэмдэглэх болсон байна. 

Ийм саналыг судлаачид ч хэлсэн байдаг. Тухайлбал, “Чингис хааны үеэс Цагаан сарыг хавар тэмдэглэдэг болсон” тухай нэлээд олон бүтээлд тусчээ. Харин монголчуудын хэв заншил дотор уг баярыг намар тэмдэглэж байсны ул мөр бий. Гэхдээ намрын эхэн сард болдог байсан Үрсийн наадам зэрэгтэй хольж хутгаад байдаг юм. Гэхдээ эл яриа сурвалж бичгийн мэдээ сэлтээр тодорхой батлагдаагүй зүйл. 

Ардын аман зохиол, хууч ярианд иймэрхүү яриа байгаа. Бид 1206 онд Их монгол улсыг байгуулсан тэр цагийг хамгийн чухал үе гэж ойлгодог атлаа дотоод агуулгыг сайн хардаггүй. 1206 он бол монголчуудын хувьд төрт ёсны, үндэстний, соёлынхоо хувьд эргэлт авчирсан үе шүү дээ.

Тэгэхээр Чингис хааны тогтоосон, дэглэсэн дэг ёс, дагаж явах заншил гэж хүлээн авч, ойлгож явах нь зөв. Нөгөө талаар монголчууд Азийн ард түмний нэг хэсэг. Юу гэх гээд байна вэ гэвэл манай дийлэнх соёл хөрш зэргэлдээ улс орнууд, үндэстний соёлтой салшгүй холбоотой. Түүхэндээ өмнөд хөрш хятадын соёлыг нь шууд авахаас татгалзаж, Энэтхэг, Төвд, Уйгар зэрэг орноос соёл авахыг илүү эрмэлздэг байжээ. 

Бичиг үсэг, дагаад үг хэллэг, түүнийг илэрхийлэх эд хэрэглэлийг бусдаас авахдаа өөрийн болгож, соёлын нэг хэсгээ болгосон байдаг. Зан үйл, ёс заншил дотор Азийн ард түмний соёлын нөлөө асар ихийг дахин хэлье. 
Өөрөөр хэлбэл, бид Азийн ард түмний нэг том хэсэг. Түүнээс биш дангааршсан байдлаар өөрийгөө тодорхойлох нь түүхийн баримт, сурвалжтай төдийлөн нийцдэггүй юм. 

                                                УУЦ, УЛ БООВ ХОЁР УЛААН, ЦАГААН ИДЭЭНИЙ УЛАМЖЛАЛ ЮМ

-Ууц шүүс засдаг, бэлэг сэлт солилцдог ёс урьд өмнө нь байсан тухай түүхэнд хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ? 
- Идээ шүүс засах нь хоол хүнс гэдгээсээ гадна ёслол хүндэтгэлийн агуулгатай. Төр улстай, тогтсон ёс заншилтай, түүнийгээ тайлбарлаж чаддаг ард түмний соёл. Энэ том соёл түүхийн аль ч үед агуулгаа гээлгүй, хэлбэр нь цагийн аясыг дагаж өөрчлөгдсөөр ирсэн. 

Агуулгыг зөрчихгүй байхыг тухайн үеийн хаад, ноёд нь, төр нь шаарддаг байсан нь тодорхой. Ийм учир монголчуудын дунд муу ёртой, ёс алдана, болохгүй зүйл гэсэн болгоомжилсон зүйлс элбэг. Харин хэлбэр, хэрэглэл нь цаг үеэ даган өөрчлөгдөж, хөгжиж, хувирч иржээ. 



Цагаан сарын идээ унд, зоог шүүсийг өнөөдөр ямар байдлаар тавих нь цаг үеийн тусгал гэж би үзнэ. Эртний монголчууд яг ямар байдлаар таваг идээгээ засдаг байсан, ямар ямар дэг жаягтай байв гэдгийг нь бид нүдээрээ хараагүй учраас баттай хэлж мэдэхгүй. 

Хэв заншил, гадаадын элч нарын тэмдэглэл, ахуй соёлыг илэрхийлсэн түүхийн сурвалж мэдээ сэлтээс үзэхэд халуун хошуутай бог малын (хонь) нуруу махаар гол зоогоо хийдэг байжээ. Төрт ёсны хүндэтгэл буюу хаад, ноёд, хошуу отгийн дээдэс, овог аймгийн ахлагч, олон хүний ах зах болсон настай хүнд зориулж голдуу бүхэл ууцыг тавина. 

Ууцыг харцага, хонцого болгож хоёр хувааж тавьдаг ёс бий. Бас мөч махыг (дал, дөрвөн өндөр) тавьдаг, бас хэвтэр махыг (өвчүү) тавьж болно. Үндсэндээ хонины бүхэл махыг нурган, мөч, хэвтэр гэж хуваагаад нас, ямбыг бодоод тавина шүү дээ. 
40 гарч буй миний хувьд одоогоор мөч махыг тавьж байна. Яваандаа хонцого, харцагандаа хүрнэ. Судалгаанаас үзэхэд цагаан идээнд тулгуурласан идээ ундаагаар цагаан сарынхаа ширээг засдаг байжээ. 

Хожим буддын шашин Монголд дэлгэрсэ цаг үеэс идээ ундаа, бэлэг сэлтэд хувьсал явагдсан байх юм. Ер нь буддын шашин бусад шашнаа бодоход нэлээд ямбалаг, дүрслэл сайтай шашин гэдэг. Бурхан тахилаа гоёмсгоор зурах, урлах, идээ ундаагаа тахилд тавих, түүндээ тохирсон сүм хийд дуган барьдаг байна. 

Улмаар айл гэр болгонд сүм хийдийн тахилын байгууламж жижгэрсэн хэлбэрээр орж ирсэн дээ. Монголчуудын жилийн эхний цагаан сар гэдэг утга дээр буддын шашны зан үйл, тэр тусмаа бурхан багшийн тааллын өдрийг угтсан, үдсэн ёслол нэмэгдээд цагаан сар нүсэр болдог. 

Боовыг олон үе давхарлаж, идээ засдаг ёс 19-р зууны төгсгөлөөс эхлээд өнөөдөр дээд цэгтээ хүртэл хөгжиж байна. Монголчууд хэзээ буудай тариалдаг болсон, гурил яаж боловсруулж гаргаж авдаг болсон бэ зэргийг бид бодох ёстой. Бурхны өмнө тавьдаг тахилд ордог гурилан идээ явсаар хүндэтгэлийн ширээнд шилжиж, 20-р зууны эхэн үеийн монгол даяар хүрээ хийд бараадан аалзны тор мэт сүлжсэн хятад худалдаачдын гурил, боовоо хөөрөгдөн сурталчилсны үр дүнд олон давхарласан идээ үүсэж, манай соёлд байр сууриа нэгэнт эзэлжээ. 

Манжийн төгсгөл үед шинэ засгийн бодлогын үр дүнд хятад худалдаачдыг монгол нутагт нэвтрэхийг зөвшөөрсөнтэй холбоотой Хэбэй, Шаньдун мужийн худалдаачид голдуу монголд худалдаа наймаа хийж байсан. Тэд нутгийнхаа боовны соёлыг монголд дэлгэрүүлжээ. 

Тухайлбал тэдний “татаж сунгадаг боов” хэмээх боовны соёлыг манайхан хэвэнд дарах байдлаар өөрийн болгож авсан. Монголчууд нилээд гайхсан байдалтай “ул” хэмээн монгол гутал хийх явцдаа бэлддэг нэг бэлдцийн нэрээр нэрлэсэн байх юм. Энэ “татаж сунгадаг боов”-ыг одоо голдуу Шаньдун мужийнхан хийж байдаг. 

Еэвэн (монголчилбол саран боов) боов ч гэсэн тийм замаар хүндэтгэлийн ширээн дээр иржээ. Да хүрээ болон томоохон хүрээ орчимд энэ соёл эхэлж тогтоод, цаашдаа монгол даяар тархсан, одоо бидний томоохон соёл болж тогтсон байна. За тэгээд эцсийн дүндээ цагаан, улаан идээний уламжлал ул боов, ууц хоёр болж ирж дээ.  

УУЛАРХАГ ГАЗАР БИТҮҮЛЭХ ЁС ӨРХ АЙЛЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БАЙДАГ

-Түүнчлэн битүүлэх ёс гэж бий. Энэ ёс чухам хэдий үеэс үүссэн юм бэ. Өнөөдөр ястан, угсаатнуудын битүүлэх ёсыг хэрхэн хувааж үздэг вэ?
-Аливаа соёлд газарзүйн хүчин зүйл маш их нөлөөлдөг. Манай улсын төв хэсэг буюу тал нутагт битүүлэх ёс нэлээд хөгжсөн байна. Яагаад гэвэл хот айлын системтэй ихээхэн холбогдоно. Учир нь хоорондоо саад бэрхшээлгүй харьцаж болох зам харгуйтай учир айл саахалтдаа очиж, өндөр настай ч юм уу элгэн садантайгаа жилийн өнгөө ярилцаж, битүүлэх ёс байж. 

Харин уулархаг бүс нутагт, ой модтой байгалийн бэрхшээлтэй газар битүүний орой хийдэг зан үйлүүд өрх айлын шинж чанартай байдаг. Бидний ихэнх нь хот суурин газар суурьшиж битүүлэх ёс хүрээгээ улам тэлэх байдал ажиглагдаж байгаа.

Үндсэндээ сарын битүүг их билэгддэг. Монголчууд аливаа зүйлийн шувтарга, бас эхлэлийг ихэд билэгшээж үздэг онцлогтой. Өнөөдөр иймэрхүү ёс заншлыг харж байхад монголчууд нэг соёлтой болж байна. Зурагт, радиогоор нэг хэл аялгуугаар ярилцаж байна. 

Соёлыг нэг л байдлаар тайлбарлаад байхаар эрт дундад үеийн зарим элемент алга болох, үгүйсгэгдэх, буруу ташаа хийж байна гэсэн ойлголт үүсээд хэрэглэхгүй орхих хандлага бий. Зурагт, радиогоор ярих битүүлгийн ёсыг ёсоор нь үйлдэх гээд өндөр уулын нэг амнаас буугаад нөгөө уулын ам өөд өгсөөд нэг нэгэндээ очих гэсээр байж бараг шөнө өнгөрнө шүү дээ. 

-Залуу үе битүүлгийн ёсыг хэр зэрэг мэдэж, үйлдэж байна вэ?
-Залуучууд жаахан буруу ойлголттой байна л даа. Битүүний орой битүүртлээ иднэ, ууна гэж ойлгочихоод, маргааш нь шинийн 1-нд босох тэнхэлгүй болох, жинхэнэ ёсоор хийх зан үйлээ хийж чадахгүй тохиодол их бий. Нойргүй, нойр муу хонох зэрэг бол буруу. Хамгийн гол нь төрт ёсны олон билэгдэл шингэсэн учраас заавал дуустал битүүрээд, идээд, уугаад байна гэсэн үг огтхон ч биш. 

Битүүний орой хүмүүст хамгийн сайн сайхныг бэлэгддэг, нас нэмдэг Балданлхам бурхан айл бүрт зочилдог. Мэдээж сайн үйлс бүтээгчид саад тотгор үүсгэгч муу муухай этгээд заавал замд нь тохиолдоно. Мангастай тэмцэлдэж, бидний гэрт ирдэг. 

Лхам бурханд тусалж бид гэрийнхээ гадна мөс, харгана тавьж мангасыг айлгана, мангасын унааны хөлийг хугалах зан үйл хийж үхэр, хонины чөмөг хагална. Тэр үеэс битүүг хагалж битүүний ёслол эхэлдэг. 

БЭЛЭГ ӨГӨХӨД ХОЁР ГАР ДАМНУУЛДАГ ЁСОН БИЙ

-Үүнээс гадна Цагаан сараар бэлэг бэлэглэх ёс байсан юм уу. Үүнийг тодруулахгүй юу? Өнөөдөр нэгэндээ оймсноос авахуулаад үсний сам хүртэл янз бүрийн эд бэлэглэж байна?
-Ёс заншил судлаачид бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Монголчууд эрт цагаас цагаан сараар бие биендээ цагаан өнгөтэй зүйл бэлэглэдэг байсан гэжээ. Бэлэг бол бие биенээ хүндэлж буйн нэг илэрхийлэл юм. Бэлгийг хэн нэгэнд өгөхөд хоёр гар дамнуулдаг уламжлал байж. 

Настай хүн бат бөх суудлыг эзэлж бага настай хүн өмнө нь очиж сөхөрч суух юм уу аль эсвэл настнаа хөдөлгөхгүй байхаар хоёр гар дээгүүр нь бэлгээ давуулан шуун дээр нь тавина. Эрт үед ихэвчлэн ан гөрөөний болон малын арьсыг элдэж боловсруулаад үстэй ноостой хэсгийг нь дотогш эргүүлж, элдсэн цагаан хэсгээр нь өгдөг байсан аж. 

Ийм учир бэлэг цагаан болсноос гадна хүний хоёр гар дээгүүр дамнуулан тавьдаг уламжлал тогтжээ. Хожим манжийн нөлөө, хятадын худалдаа, шашны зан үйлээс болж алчуур бэлэг, самбаа бэлэг болж хувирсан. Зарим нутагт одоо хүртэл алчуур бэлэг гээд торго, даавуу заавал бэлэглэдэг ёс тогтсон байдаг. 

Цаашдаа оросын нөлөөгөөр бэлэгт өөрчлөлт орж, янз бүрийн зүйл бэлэглэдэг болсон. Хоёр гараараа гардан барьж нөгөө хүндээ хүндэтгэл үзүүлж байгаа нь эртний уламжлалтай юмаа. Өнөөдөр ядаж хоёр шуун дээгүүр нь давуулахгүй юмаа гэхэд язгуур агуулгыг нь сайтар мэдэж байх ёстой. Магадгүй тав, зургаан жилийн дараа одоогийн өгч буй оймс энэ тэр дүрээ хувиргахыг үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь бэлэгт сэтгэл шингэсэн байх хэрэгтэй. 

-Та золгох ёсны уламжлалыг нь хэлэхгүй юу. Үнэндээ бид сүүлийн үед зөв золгоод байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ?
-Золголтоо мэдэхгүй байна гэдэг нь төртэй ихээхэн холбоотой. Манайхан ардын ёс уламжлал гээд өөрөө дүр, загвараа олоод хөгждөг гэж бодоод байх юм. Одоогийн хэв заншил гэдэг чинь эрт цагтаа тогтоосон ямар нэгэн цааз, хуулийн үлдэгдэл юм шүү дээ. 

Улс даяарын биш гэхэд чуулганы, нэг хэсэг ноёны, бүр заримдаа хошуундаа хэрэглэдэг болохгүй, болно, ингнэ тэгнэ гэсэн зарлиг захирамжаас улбаатай юм. Ийм учраас баяр ёслолын дэг, ёс уламжлалыг төртэй холбож яриад байна би. 

Одоо хэрэглэж буй ёслол маань ард түмэнд халгаатай хэцүү, уламжилж авч явахад хэцүү юм бол хуульчилж, дэг журамд оруулах нь төрийн үүрэг. 

Манай цагаан сарын уламжлалууд хүмүүст ойлгомжгүй байдаг нь цагаан сар хийж ирсэн сүүлийн 60-аад жилийн түүхтэй буюу бидний дагаж дуурайдаг настай хүмүүс, соёл уламжлуулж ирсэн ахмадуудтай холбоотой. 

1952 онд Х.Чойбалсан гуай битүүний шөнө бурхан болсноос хойш найм, есөн жил улс даяараа цагаан сар хийхээ больсон. Улмаар нэгдлийн үед “малчдын баяр” гэдэг нэрийн дор нэгдэлчид хийх ёстой гэж үздэг байв. 

1980-аад оны сүүлээс сэргээхдээ олон залгамж чанар, ёсыг нь алдагдуулсан. Сэргэхдээ оросын шинэ жил тэмдэглэдэг үеийн зан үйл их нэвтэрсэн байсан. Гэхдээ хот суурин газрынхан цагаан сарыг огт хаяагүй. Нэгдүгээр сарын 1-ний өдөр хуучин уламжлалаараа золгоод л явдаг байсан. 

Цагаан сар маань ийм улс төржсөн замналаар хэсэг явсан учир язгуурлаг олон зүйлсээ гээж, цагийн аясыг дагачих гээд байна. Ийм учраас цагаан сар зарим хүний хувьд ойлгомжгүй зүйлс элбэгтэй, зарим нь ёс заншлыг дагахгүй байсан ч яахав гэсэн хандлагатай болох үндэслэл болоод байна. 

Монголчууд настай хүний хоёр тохой өргөж хацраа үнсүүлдэг. Мөн нас ойролцоо хүмүүс харилцан гар зөрүүлдэг ёс хөгжиж байна. Биеэс биед хүрч буй гэдэг нь сайн сайхныг биедээ ерөөж байгаагийн билгэ тэмдэг гэж үздэг. Харин Ойрад монголчуудын хувьд залуучууд нь настай хүнийхээ биед нь гар хүрдэггүй, гараа доош унжуулж хоёр хацраа өгдөг байна. 
Настай хүн золгохоор ирж байгаа хүний толгойг хоёр талаас нь бариад хацрыг нь үнсдэг. Энэ нь ахмад хүний биед хамаагүй хүрэхийг цээрлэдэгтэй холбоотой. 

- Урьдын сайхан уламжлалаас гээгдэж байгаа зарим нэг зүйлсээс нэрлээч.
- Тийм зүйлс их бий. Ялангуяа угсаатны бичил бүлгүүдийн хувьд их ажиглагддаг юм. Гэхдээ билэгтэй энэ сайхан өдөр ийм зүйл яриад яахав. Нийт монголчуудад байгаад одоо цагт хүмүүс бага хэрэглэдэг нэгэн заншлыг яръя. Хүмүүс муу муухай бүхнээ хуучин ондоо орхиж, сайн сайхан бүхнээ шинэ ондоо авч ордог гэж хэлэлцдэг. Тийм учраас  цагаан сараас өмнө муудалцсан, хэрэлдсэн, гомдоосон хүмүүстэйгээ сүүтэй очиж уулздаг ёсон бий. 

Танд тийм хүн байвал хайрцагтай сүү аваад л оч. Магадгүй та миний зөв гэсэн ойлголттой байсан ч хамаагүй. Бас л дүү хүн нь аваад очих байх даа.   

-Ер нь монголчууд үндэстэн дотроо даяаршиж буй нь хэр зөв зүйтэй хувьсал вэ?
-Өнөөгийн Монгол улс хил хязгаарын хувьд 1915 оноос гурван улсын гэрээгээр тогтсон хязгаар дотроо байна. Хагарал, бутрал, үндэстэн хоорондын тэмцэл алга. 100 жилийн дотор соёл, зан заншил ихэд нэгдэж нягтрах болсон. 

Сүүлийн үед ЮНЕСКО-оос зарим ястан, угсаатны соёлыг хадгалах тал дээр нэлээд анхаарах боллоо. Манай нэртэй эрдэмтэд хэлсэн байдаг шүү дээ. Манай хэл соёл бол найрал хөгжим мэт олон хөгжмөөс бүрдсэн сүрлэг аялгуу, эгшиглэнтэй байх ёстой гээд. 

Тухайлбал, монгол хэл гэхэд маш олон аялгуунаас бүрдэж, нэгнийгээ үгийн сан, авиа, үг хэллэгээр тэтгэж байх учиртай. Тэгж байж гэмээнэ удаан оршин тогтноно. Харамсалтай нь өдгөө хэл дангаарших, ижилсэх байдал ажиглагдаж эхэллээ. Нэг талдаа сайн ч урт хугацаанд дархлаагүй болно гэсэн үг. 

Өргөн уудам нутгийнхаа өндөр уул, хээр талын, говийн, ойн гээд олон бүс нутагт суудаг угсаатнуудын хувьд өөр өөрийн онцлог шинж их бий. Тэр бүхний зан үйлийг хэвээр нь хадгалж хөгжүүлбэл илүү үнэ цэнэтэй байх. Үе үеийн судлаачид соёлыг мөхөөхгүй, ижилсүүлэхгүй байхыг хэлсээр ирсэн. Ер нь нэг нэгнийхээ соёлоос тэжээгддэг байх ёстой. 

-Та нэг ярилцлагандаа “Монгол улс маань хурдан тэнхээжээсэй, бусад монголчуудад маань хэрэгтэй” гэж ярьсан байна билээ. 
-Манай улс олон улсын хэмжээнд Монгол гэдэг нэрийг их сайхнаар гаргаж байна. Монгол тэнхээжиж байгааг дэлхий нийт үнэлж байна. 

Монгол улсад үндэстэн, шашин, соёл хоорондын зөрчил алга. Ийм сайхан нэгдмэл улс дэлхийд ховорхон шүү. Хөгжилд саад болдог элдэв бэрхшээл байхгүй байна. Даяар Монголын ариун голомт нь болсон бид дэлхий дээрх арван хэдэн сая монголчуудын төв нь, бид хурдан тэнхээжиж бусад хэдэн монголдоо үлгэр жишээ, түшиг болох ёстой. 

-Ярилцсанд баярлалаа. Та сайхан шинэлээрэй.