богино мэдээ New

О.Баасанхүү: Харваачдыг бөх шигээ үнэлэх ёстой

бөх, морийн холбоод нь нэлээн сайн ажилладаг байсан учраас дээрх хуулийг боловсронгуй болгоход идэвхитэй оролцсон. Харин сур нь орхигдсон..

Сэтгүүлч Г.Дарь www.news.mn 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд үндэсний сурын харваанд гурав, хоёрдугаар байр эзэлсэн харваачид тус бүр цол олгож байх хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачлан өргөн мэдүүлээд байгаа. Энэ тухай тодрууллаа.

-Өмнөх парламентын үед харваачдад цол олгох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байсан, гэхдээ батлагдаагүй. Таны өргөн мэдүүлсэн төсөл түүнээс ялгаатай юу?

-Тийм ээ, өнгөрсөн парламентад энэ хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүн өргөн мэдүүлсэн. Парламентаар төслийг хэлэлцэхийг нь шийдээд дараагийн хэлэлцүүлэг хийж чадалгүй чуулган хаагдаж, бүрэн эрх нь дууссан. Ийм учраас тухайн үеийн хууль санаачилж байсан гишүүн, Сурын холбооны зүгээс дахин хуулийн төслийг өргөн барихыг хүссэн. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байгаа.  

2003 онд Үндэсний баяр наадмын тухай хуулийг баталсан байдаг. Их эзэн Чингис хааны үеэс уламжилж ирсэн наадмыг төрийн хэмжээний спорт гэж үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой. Түрүүлсэн бөх, морь, харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар цол хэргэм олгох зорилготой хууль байсан.

Тухайн үед бөх, морийн холбоод нь нэлээн сайн ажилладаг байсан учраас дээрх хуулийг  боловсронгуй болгоход идэвхитэй оролцсон. Харин сур нь орхигдсон. Зөвхөн тэргүүн байр эзэлсэн харваачдад л цол олгодог. Үүүний нэг жишээ нь 94 жилийн турш ганцхан эмэгтэй Дархан мэргэн цол авсан байгаагаас харагдана. Ийм учраас би уламжлалт спорт болох сурын спортыг хөгжүүлэх ёстой гэж үзээд энэ төслийг өргөн барьсан юм.

-УИХ энэ хуулийг баталбал харваачдад ямар төрлийн цол олгох болж байгаа билээ?

-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар сурын харваанд түрүүлсэн нэг эрэгтэй, нэг эмэгтэйд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улсын мэргэн” цол олгодог. Харин энэ хууль батлагдах юм бол улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл  “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол тус, тус олгохоор тусгасан. Түүхэн уламжлалаа ч бас барьсан. Өөрөөр хэлбэл, үндэсний их баяр наадмаар II байр, III байр эзэлсэн харваачид цол олгодоггүй орхигддог байсныг цол олгох ёстой, хуульчилж өгөх нь зөв юм аа гэж үзсэн. Шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

Наадам л гэж байгаа бол сур заавал байдаг. Сурын спортыг залуучууд их сонирхож байна. Түүхэн уламжлалаа сэргээх, аялал жуулчлал хөгжих түүхэн боломж юм. Ер нь өнгөрсөн хугацаанд бөх, морь хоёроо л их дэмжиж ирлээ, сурыг дэмждэггүй гэж хэлэхэд бас төвөгтэй, гэхдээ тэдэнтэйгээ дүйцэхүйц биш.

Хэрвээ сурын харвааг дэмжээд өгвөл энэ спортоор хичээллэдэг иргэд байт харвааг хөгжүүлээд олимп руу явах боломжтой.  Бөхийн спортоор хичээллэдэг хүмүүс самбо, жудогоор хичээллээд амжилт гаргадаг шиг. Тэр утгаараа уламжлалт спортоор нь дамжуулаад өөрсдийгөө тив дэлхийд таниулах боломж гарч ирнэ гэж бодож байна. Өмнөд Солонгосууд үндэсний сурын спортоо сайн хөгжүүлж чадсанаар өнөөдөр дэлхийд нэг номер байгаа. Монголчууд сумод босоо байдаг нь үндэсний бөхөө хөгжүүлж чадсаных гэж ярьдаг. Тийм учраас сурын харваагаа тэгш үнэлэх боломжийг бий болгохоор ирээдүйд байт харваагаар тив дэлхийд гарах боломж байна гэж харж байгаа.  

-Удахгүй намрын чуулган завсарлана. Завсарлахаас нь урьтаж, хуулийн төсөл батлагдаж чадах болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ төсөл бол улс орны бодлого гэдгийг сайн ойлгох ёстой. Зарим хүмүүс Баяр наадмын тухай хуулийг хүчингүй болгоё, гуравхан спорт дэмжлээ гэдэг. Уламжлал болгоноо хуульчлах гээд байгаа юм биш үндэсний гэдэг утгаараа, эрийн гурван гэдэг утгаар нь онцлоод оруулаад ирсэн. Юмыг сайжруулж болно, нураагаад байхгүй болгож болохгүй. Тэр утгаар нь би боловсронгуй болгох ёстой гэж үзсэн юм.