богино мэдээ New

Н.Алтанхундага: Бид шинжилгээний хариунд тулгуурласан эмчилгээг хийж, шинжилгээгээр баталгаажуулдаг

Бумба тавьж, зүү, төөнүүр, бариа хийхээр уламжлалт эмчилгээг хязргаарлахгүй.

-Эмч нарыг бэлддэг багш нар энд эмчилгээ хийдэг-

Сэтгүүлч Ц.Анхаа

     Сүүлийн үед олон хүн “Монгол анагаах ухааны клиник гэж их сайн эмнэлэг байгуулагджээ” гэж ярих болжээ. “Уламжлалт, европ хосолсон болохоор эмчилгээ нь ч их сайн юм билээ” хэмээн миний нэг танил ярьж байх юм. Мөн Япон, Оросоос эмч нар хүртэл ирж үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийгээд явдаг сураг ч дуулдав. Ялангуяа хүзүү, нурууны шохойжилт, суулт, үе мөч, дотор эрхтний өвчнөө энэ эмнэлэгт эмчлүүлээд илааршуулж байгаагаа ярих олон хүнтэй тааралдлаа. Тиймээс Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч, Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундагатай ярилцаж зөвлөгөө, мэдээлэл авснаа хүргэж байна.

Манай эмнэлэгт эмч бэлтгэдэг багш нар нь эмчилгээ хийдэг

-Танай эмнэлгийн хаяг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль АШУҮИС-ийн “Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн Монгол анагаах ухааны клиник” гэсэн байх юм. Ямар учиртай юм бэ?

-Манай эмнэлгийг ярихаас өмнө монгол уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжлийн талаар бяцхан мэдээлэл өгье гэж бодож байна. Эрс тэрс уур амьсгалтай нутагт дөрвөн цагийн эргэлтэд морь ундаг аж амьдарлын  хэв маягтай бидний өвөг дээдэс өвчин хуучаа өөрсдөө эдгээдэг, урьдчилан сэргийлдэг том философитой байж. Тухайлбал, ургамал цэцэгсээр тан хандалж,  малынхаа түүхий эдийг эмчилгээндээ ашигладаг, гэмтэл бэртлээ эдгээчихдэг байсан нь уламжлалт анагаах ухааны эх суурь шүү дээ. Харин дараагийн үе нь шарын шашин дэлгэрсэн үе буюу Аюурвэдийн анагаах ухааны үе юм. Тухайн үед лам нар тан барьж, уламжлалт анагаах ухааныг бас нэгэн шинэ шатанд хүргэн хөгжүүлсэн боловч харамсалтай нь хэлмэгдүүлэлтээр олон оточ хороогдож, үлдсэн цөөхөн маарамба л өнөөгийн уламжлалт анагаах ухааныг бидэнд жаахан боловч үлдээсэн гавьяатнууд. Магадгүй, лам нар хэлмэгдүүлэлтэд өртөөгүй бол уламжлалт анагаах ухаан европ анагаах ухаанаас илүү өндөр түвшинд хөгжих байсныг ч үгүйсгэх аргагүй.

Ингээд уламжлалт анагаах ухааны шинэ үе буюу 1989 онд Монгол Уламжлалт анагаах ухааны тэнхим байгуулагдаж, 1993 онд Монгол эмнэлгийн дээд сургууль болон өргөжиж үе залгах юм. Сүүлд Монгол уламжлалт анагаах ухааны институт Анагаахын их сургуулийн олон улсын сургууль болсон юм шүү дээ.

-Одоо танай эмнэлэг АШУҮИС-ийн эмнэлэг гэдгийг тайлбарлаач?

-АШУҮИС-ийн оюутан, эрдэмтэн багш нарын сургалтын бааз болгож европ эмчилгээ хийдэг “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”, уламжлалт эмчилгээ хийдэг “Монгол анагаах ухааны клиник” буюу манай эмнэлгийг байгуулсан юм. Тиймээс манай эмнэлэгт АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар долоо хоногоор ээлжлэн эмчилгээ хийдэг.

-Эмч нарыг бэлддэг багш нар энд “эмч” хийдэг гэсэн үг байх нь. Ихэнх бариа заслын газруудад хэдэн сарын курс төгссөн хүмүүс бариа хийдгийг би мэднэ. Тэгэхээр танай эмнэлгийн эмч нарт эргэлзэх зүйл алга. Харин өөр давуу тал, онцлогуудаасаа дурдвал?

-Монголд одоогоор долоон их сургууль уламжлалт эмчилгээний эмч нарыг бэлдэж байгаа ч нийт уламжлалтын эмч нарын 70 хувийг манай сургууль төгсгөдөг. Тэдний багш нар Монгол анагаах ухааны клиникт эмчилгээ хийдэг нь нээрээ л бидний бахархал.

Иргэдийн дунд уламжлалт эмчилгээг зүү, төөнүүр, бумба, бариа төдийхнөөр төсөөлдгийг л өөрчлөх шаардлага нэн тэргүүнд байна. Тухайлбал, манай эмнэлэг 15 төрлийн 30 гаруй хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгсэл, 4D эхогоор үйлчилдэг.  Ингэхдээ нуруу ууц, ходоод гэдэс, хий ядаргаа, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн багц эмчилгээг амбулториор болон хэвтүүлэн хийж байна.

Уламжлалт эмнэлэг гэхээрээ л судас бариад байх биш шүү дээ. Нотолгоогоор батлагдсан анагаах ухаан буюу шинжилгээний хариунд тулгуурлан эмчилгээ хийж, үр дүн хэрхэн өөрчлөгдөж буйг шинжилгээний хариугаар батлан эмчилдэг.

Ирэх онд Монголын хамгийн том уламжлалтын эмнэлэг байгуулна

-Гадуур аарцаг нурууны бариа заслыг 25 мянган төгрөгийн үнэтэй хийдэг тариф нэгэнт тогтсон гэхэд хилсдэхгүй. Харин танай эмнэлэгт дээрх мөнгөөр эмчийн үзлэг, европ эмчилгээ, уламжлалт эмчилгээ 2-3 төрөл, шарлага, бариа засал, тан зэрэг 7-8 эмчилгээ үйлчилгээ багтсан байх юм. Үнийн хувьд ийм хямд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Дээр хэлсэнчлэн манай эмнэлэг АШУҮИС-ийн бааз эмнэлэг болохоор ашиг хөөцөлддөггүй. Үйлчлүүлэгчдийн төлбөрөө эмч, сувилагч нарынхаа цалин, хэвтэн эмчлүүлэгчдийн хоол, урсгал зардалдаа л зарцуулдаг. Бидний хамгийн том зорилго иргэдийг өвдсөн хойноо, хагалгааны шатанд хүрсэн үедээ эмнэлэгт хандах биш биед сөрөг нөлөөгүй уламжлалт аргаар өвчнөөс сэргийлэх, өвчин хүндрээгүй үед эрүүлжих, уламжлалт эмчилгээний боловсролыг олгох явдал юм. Түүнчлэн ирэх онд БЗД-ийн Ботаникт монголын хамгийн том уламжлалтын эмнэлгийг байгуулахаар ажиллаж байна.

-Энэ эмнэлэгийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-АШУҮИС-ийн сургалтын бааз европ, монгол хоёр эмнэлгийн нэг нь манайх. Бид өнгөрсөн 10 дугаар сараас л үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч биднийг зорин ирэх иргэдийн тоо маш их байна. Тиймээс хэвтүүлэн эмчлэх 80 ортой, их сургуулийн оюутан, резидент эмч нар, эрдэмтэн багш нар маань судалгаа шинжилгээгээ хийх иж бүрэн зургаан давхар уламжлалт эмчилгээний цогц эмнэлгийг байгуулах юм.

Буруу хооллолт, хувцаслалт, суугаа ажил, таргалалтаас хүзүү, нурууны өвчин үүсэж байна

-“Монголд хоёр хүн тутмын нэг нь хүзүү, нурууны шохойжилт, суулттай байна” гэсэн судалгааг танай сургуулиас гаргасан байна лээ. Шалтгаан нь юу вэ?

-Ийм өндөр үзүүлэлттэй судалгаа гарсны дараа өөрөө ч эргэлзэж байлаа. Гэхдээ яалт ч үгүй энэ бодит тоо. Сүүлд “Мөнгөн гүүр” эмнэлэг солонгос эмч нартай хамтарсан судалгаагаар “Монголчуудын 69 хувь нь хүзүү, нурууны шохойжилт, суулттай” гэсэн дүн гарсан байна билээ.

Мэдээж хүн бүрийн онцлогоос шалтгаалан өвчний шалтгаан өөр өөр. Гэхдээ дийлэнх дөрвөн шалтгаан байгаа нь буруу хооллолт, суугаа ажил(жолоо барих), хувцаслалт, таргалалтаас үүдэж байна.  Өөрөөр хэлбэл, сүүлийн үед махан хоолны хэрэглээ огцом ихсэж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ багассан, ялангуяа залуучууд оффисын суугаа ажил эрхлэх болсон, хүн бүр жолоо барьдаг болсон, бүсгүй, богино хувцас түлхүү өмсөх болсон, дийлэнх нь илүүдэл жинтэй байгаагаас дээрх өвчин ихсэж байна.

-Энэ өвчний эмчилгээ нь юу вэ, тухайлбал танайх?

-Хүзүү, нурууны өвчнийг иргэд нэлээд хугацаанд “тоолгүй” орхиж, даамжруулдаг. Бүр сүүлдээ, маш их өвдөлтийн дараа шууд л европ эмнэлэгт ханддаг. Тэнд өвчин намдаах, булчин сулруулах эмчилгээ хийдэг нь тухайн үедээ өвдөлт зогссон ч өвчин үгдэрсээр байдаг. Энэ үед л эм тарианаас илүү тан, уламжлалт бариа, физик эмчилгээ хийлгэснээр өвчин бүрэн илаарших боломжтой. 

Ээжүүд дур мэдэн эм хэрэглэхээ болих хэрэгтэй

-Хүйтний улиралд ялангуяа бага насны хүүхдийн ханиад томууны дэгдэлт огцом ихсэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больдог нь энэ жил ч ноцтойгоор давтагдаж байна. Хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, эмийг төлбөргүй болгох зэрэг Засгийн газрын тогтоолууд ч гарлаа шүү дээ. Хамгийн гол нь энэ ханиад антибиотик эмчилгээнд дарагдахгүй, богино хугацаанд хүндэрдэг талаар ээж нар ч, эмч нар ч ярьж байна. Уламжлалт эмчилгээний эмчийн хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Манай эмнэлэгт ч хүүхдүүд маш их хандаж байна. Би ээж нартаа нэг зүйлийг л хэлдэг. “Нэг эмч олон хүүхдийг эмчлэхээс, нэг ээж нэг хүүхдийг асарч, өвчлүүлэхгүй байх нь амар шүү” гэж. Ээжүүд маань хүүхдээ өвчнөөс урьдчилан сэргийлж, нэгэнт өвдсөн тохиолдолд дур мэдэн, эмийн санчтай “үгсэн” эмчилгээ хийхээ л болих хэрэгтэй.

Сүүлийн үеийн ханиадны 80-90 хувь нь вирусын гаралтай байна. Ээж нар хүүхддээ вирусын эсрэг эм уулгахын оронд антибиотик уулгаж, антибиотикт тэсвэртэй вирусээр хүүхдийнхээ уушгийг бүрхчихдэг. Ингээд л ганц хоёр хоногтоо вирус уушгийг зай завсаргүй эзэлж, хатгаа болж байна. Энэ үед эмч антибиотик эмчилгээ хийгээд мэдээж үр дүн бараг л гарахгүй шүү дээ.

-Бидний эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой байх. Тухайлбал, вирусын эсрэг ямар эм?

-Минигрипп, миксагрипп гэх мэт эмүүд бий. Гэхдээ хүүхдийн биед ямар ч сөрөг нөлөөгүй уламжлалт тангуудыг зөвлөе. Сороол4, чацаргана5 тангуудыг ханиад томууны дэгдэлт их хүйтний улиралд хүүхдээ өвдөөгүй тохиолдолд, ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн үед уулгаж болно. Ямар ч сөрөг нөлөөгүй.

Манай эмнэлэгт амьсгалын замын өвчлөл болон тархины доргилтоос үүдэлтэй ходоод гэдэсний хямралтай хүүхдүүдэд багц эмчилгээ хийдэг. Зөгийн балтай татлага, тантай утлага, шарлага, иллэг массажийг харшлахгүй тохиолдолд европ эмчилгээтэй хослуулснаар үр дүнтэй болдог.

Энд нэг жишээ дурдъя. Өнгөрсөн 10 дугаар сараас хойш чээжинд нь зөгийн балтай байцайны навч ороосон хүүхэд арав гаруй ирсэн. Буруу мэдээлэл, ам дамжсан эмчилгээг ямар ч нотолгоогүйгээр хүүхэд дээрээ туршиж байгаагийн тод жишээ энэ.

Зүй нь, зөгийн балыг алгандаа түрхэж, хүүхдийн чээжинд наагаад буцаан татсанаар цусны эргэлт тухайн газар сайжрах ёстой юм. Түүнээс биш, зөгийн бал, байцааны навчийг цээжинд нааснаар ямар ч өөрчлөлт гарахгүй.

Ургийг гурван сартайд нь даунсиндромыг илрүүлж болно

-Танайх 4D эхоны оношилгоо хэвтэн эмчлүүлэгчиддээ үнэгүй хийдэг гэсэн. Ер нь 2, 3, 4D эхоны  ялгаа, зориулалтын талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Манайх 4D эхогоор эмэгтэйчүүд, ураг, хэвлийн хөндийн үзлэг хийдэг. Хэвтэн эмчлүүлэгчиддээ үнэ төлбөргүй үйлчилдэг юм.

Ургийн эхоны тухайд тогтсон үеүд буюу 3, 5, 7, 9 сартайд нь харуулахыг ээж нартаа зөвлөдөг. .Тухайлбал, гурван сартай ургийн шилний арын зай, хамрын хянга яс, тархины торлог бүтэц зэргийн хөгжлийг үнэлдэг. Ингэснээр даунсиндром болон бусад хромосомын эмгэгүүдийг эрт илрүүлж чадна.
Эхо аппаратны ялгааны тухайд 4D эхо нь ургийн гадна хөгжлийг илүү уран сайхны гэмээр харуулдаг бол 2D эхо нь ургийн гажгийг илрүүлэх зориулалттай.

-Танайх нойргүйдлийн өвчнийг үнэ төлбөргүй эмчлэнэ гэсэн. Хүний тоо, шалгуур бий юу?

-Тийм ээ. Өмнө нь ч манай эмнэлэг жудо бариа заслын япон багш нараар 20 гаруй хүнийг үнэ төлбөргүй үзүүлж, оношлуулж байсан. Энэ удаа Оросын эмч нарын туршилтаар батлагдсан гэрлийн спектр эмчилгээнд хамруулах юм. Нэг ээлжинд зургаан хүн байхаар тооцож, таван ээлжинд 30 хүнийг хамруулах бөгөөд эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах гол нөхцөл нь 10 хоногийн турш 07:30-08:30 цаг, 20:30-21:30 цагийн хооронд эмнэлэг дээр ирж гэрлийн спектр эмчилгээний аппаратаар тасралтгүй эмчлүүлэх шаардлагатай.

АШУҮИС-ийн багш нар эмчилгээ хийдэг  “Монгол анагаах ухааны клиник”-ийн хаяг: Баянгол дүүрэг, Модны 2, Хуучин Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд ЭБО төвийн хоёр  давхар.
Харилцах Утас 9562 1471

Фэйсбүүк хуудас: Монгол Анагаах Ухааны Клиник