богино мэдээ New

“Тоос сорогч, хөргөгчтэй бол нийгмээс гадуурхагдана”

Одоо телевизоргүй айл гэж юу байхав. Анх хууль батлахдаа ядуу өрхт өгнө гэж заасан бол одоо ингэж бухимдахгүй байх байсан юм”..

2016 оны 08 сарын 27

-“ Энэ мөнгийг хэрэгтэй хүмүүст  нь алагчилгүй өгөх хэрэгтэй” гэв-

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

     Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг олгохоор болсон.  Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцсон юм. Энэхүү мэдээллийн дагуу бид дараах тодруулга, сурвалжилгыг хийлээ.

Эдийн засаг хямралтай энэ үед өр зээлгүй хүн, айл өрхийг олоход бэрх. Орон сууц, хашаа байшин, цалингийн зээлтэй иргэд маань хүүхдийн 20 мянгаар хоол хүнсээ залгуулж ирэв. Гэтэл өнөөдөр сургууль, цэцэрлэг орох гээд айл өрхүүдэд мянган төгрөг ч багадахгүй байгаа цагт хүүхдийн мөнгийг нь хэзээ олгох нь мэдэгдэхгүй байна.

 “Хүний хөгжил” сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарсан. Учир нь улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэгт олгохоор тусгасан байсан гэнэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэвлэлийн хурал хийж, хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар "Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой" гэсэн мэдэгдлийг хийж энэ мөнгийг шинэ журмаар олгож эхлэхийг зарлалаа.

Зорилтод бүлэг гэдэг нь тодруулбал зурагт, тоос сорогч, хөргөгчтэй гэр бүл орохгүй юм байна.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн мөнгийг алагчилж өгч байгааг эсэргүүцэж байгаа юм.

н.Хандаа: Хүүхдийн мөнгийг хэрэгтэй хүмүүс т нь өгөх хэрэгтэй

     “Би хөгжлийн бэрхшээлтэй гэртээ байдаг, гурван хүүхэдтэй хүн. Том хүүгээ асрамжийн газар өгсөн. Одоо хоёр охинтойгоо амьдардаг. Ажил хийх гэхээр хөгжлийн бэрхшээлтэй гээд авдаггүй. Одоо тэтгэмжийн мөнгөөрөө амьдарч байна. Хүүхдийн мөнгө авдаг байхдаа хоол ундаа аваад, хүүхдүүдээ хувцасладаг байлаа. Одоо бол хүрэлцэхгүй, хоол ундаа л арай хийн авч байна. Энэ мөнгийг хэрэгтэй хүмүүст  нь алагчилгүй өгөх хэрэгтэй” гэв.

Хүүхдийн 20 мянгын хүлээлт маш их байдаг. Цагаа тулахаар усны зуун төгрөг ч олддоггүй. Төр засаг ард түмнээ яаж амьдарж байгааг мэдэхгүй байгааг олон нийтийн сүлжээгээр шүүмжилсээр байна. Монголын үрс маш олон болтугай гэдэг атал хүүхдүүдийг төсвөөр далимдуулж ийн алагчилж байна гэх хэсэг ч бий.

Худалдаалагч Т.Лхагвасүрэн: Манай эрний үе биш ард түмнийг доромжилж байна

      Манайх гурван хүүхэдтэй. Гурвуулаа хүүхдийн мөнгө авдаг. Хүүхдийн мөнгөөрөө хоол ундаа аваад болгоод байдаг байлаа. Өгөхөө больсноос хойш өдөр хоногоо аргацааж байна. Зорилтод бүлэг гэхээр зарим авах ёстой айл өрх орхигдож байгаа. Манай эриний үе биш ард түмнийг дэндүү доромжилж байна төр засаг. Хагас хил махаа аргалаад хөлдөөчих айл байлгүй яах вэ. Өгвөл бүгдэд нь өгсөн нь дээр, өгөх ёстой юмаа өгөх хэрэгтэй. Долоо, найман хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд зөндөө байгаа. Одоо ч 20 мянган төгрөгөө хүлээж байна. Айл болгон л харж байгаа” гэлээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн 2015 онд 246,7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ. Харин энэ онд баталсан төсөв 144 тэрбум төгрөг болж нэг хүүхдэд 20,000 төгрөг 12 сард өгөхөөр 1240,000 төгрөг болох аж.

Ц.Нямаа: Хүүхдийг алагчилж болохгүй энэ бол хүүхдийн эрх

   Бүх хүүхдэд өгөх ёстой. Хүүхэд бол хүүхэд. Өгч байгаа бол бүгдэд нь өгөх хэрэгтэй. Баян, ядуу гээд яалгах хэрэггүй. Зарим айл хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалдаг ч зарим нь одоо хичээлийнх нь хэрэгслийг бэлдэж чадахгүй байна. Одоо телевизоргүй айл гэж юу байхав. Анх хууль батлахдаа ядуу өрхт өгнө гэж заасан бол одоо ингэж бухимдахгүй байх байсан юм”.

Ард иргэд ийнхүү хүүхдийн 20 мянган төгрөгийн шинэ журамд санаа нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.