богино мэдээ New

Д.Янжиндулам: Эрүүл ахуйн дэглэм муу байгаа газарт нүдний ханиад өвчин их байдаг

Гэхдээ эмчид эрт хандсан тохиолдолд ийм асуудал гарахгүй. Xүмүүс гэрээр бусдаас сонссон эм, тосоор эмчлэх тохиолдол байдаг. Зарим хүмүүс янз бүрийн химийн тариа энэ тэр хийлгэчихсэн ирдэг. Дураараа эмчилгээ хийсэн хүмүүсийн эдгэрэх явц нь маш удаан..

Сэтгүүлч Д.Нэргүй

     Сүүлийн үед манай улсад нүдний ханиад хэмээх вирусээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Нүдний ханиад нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Мөн дээрхи өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм байна. Ингээд Нүдний ханиад өвчний талаар “Талимаа” эмнэлгийн нүдний их эмч, АУ-ны магистр, Килиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Янжиндуламтай ярилцлаа.

-Нүдний ханиад өвчин вирусээр үүсгэгдэг өвчин. Уг өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө танай сайтын уншигчиддад энэ өдрийн мэнд хүргэе. Нүдний ханиад гэдэг нэр энэ өвчний албан ёсны нэршил биш л дээ.  Иргэдийн дунд нүдний ханиад гэж хэлээд заншчихсан юм. Энэ нь вирусийн гаралтай  нүдний салстын халдварт өвчин. Нүдний ханиад өвчин голдуу аденовирусээр үүсгэгддэг. Агаар дуслын замаар халдварладаг учраас нүдний ханиад өвчин гэж нэрлэдэг юм. Аденовирусийн ханиад хүндэрвэл нүдний эвэрлэг цоорох, нүдэнд цагаа унах аюултай байдаг. Гэхдээ эмчид эрт хандсан тохиолдолд ийм асуудал гарахгүй. Xүмүүс гэрээр бусдаас сонссон эм, тосоор эмчлэх тохиолдол байдаг. Зарим хүмүүс янз бүрийн химийн тариа энэ тэр хийлгэчихсэн ирдэг. Дураараа эмчилгээ хийсэн хүмүүсийн эдгэрэх явц нь маш удаан. Нөгөө талаар уг ханиад нь нэг хүнээс нөгөөд дамжин халдварлахдаа шинж чанараа өөрчилчихдөг. Тиймээс нэг хүнд таарсан эм, тос нөгөө халдвар авсан хүнд таарна гэж байхгүй. Тухайн хүнийг үзэж байж тохирох эм, тариа, эмчилгээ хийнэ. Тиймээс таны нүдэнд ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд яаралтай эмчид л хандах нь чухал.

 

Энэ нь вирусийн гаралтай  нүдний салстын халдварт өвчин. Нүдний ханиад өвчин голдуу аденовирусээр үүсгэгддэг. Агаар дуслын замаар халдварладаг учраас нүдний ханиад өвчин гэж нэрлэдэг юм.

-Нүдний ханиад нь хэрхэн халдварладаг вэ?

-Нүдний ханиад өвчнөөр өвдсөн хүний эргэн тойрны агаарт халдвар тархсан байдаг. Тиймээс нүдний ханиад өвчнөөр өвчилсөн хүнтэй уулзах, хамт байхад халдварладаг. Нэг үгээр хэлбэл, ангийн нэг хүүхэд нүдний ханиад өвчнөөр өвдсөн бол бусад хүүхдэд халдвар тарна. Агаар дуслын замаар болон ахуйн байдлаар халдварлана. Мөн олон нийтийг хамарсан газар нэг хүн л өвдвөл бусад нь шууд халдварлана. Сургууль, цэцэрлэгт ч мөн адил. Халдвар дамжих наад захын зүйл гэвэл нүүр гарын алчуур, гарын савангаар халдварлана.

-Нүдний ханиад өвчнийг өвөл ихэсдэг гэж хүмүүс ярьдаг. Ер нь энэ өвчний идэвхжилтийн үе нь хэзээ байдаг вэ?

 

Халдвар дамжих наад захын зүйл гэвэл нүүр гарын алчуур, гарын савангаар халдварлана.

-20-иод жилийн өмнө нүдний ханиад өвчний вирус байгаагүй. Гэтэл сүүлийн 20-иод жилийн дотор вирусийн гаралтай нүдний салстын үрэвсэл, эвэрлэгийн үрэвсэл, цагаан унах, цаашлаад нүдний дотор талын хүндрэлүүд бий болж эхэлсэн. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэлт, эмчилгээ оношлогоо хамгийн чухал. Мөн тухайн хүний биеийн эсэргүйцэл, дархлаа нэлээд чухал үүрэгтэй байдаг. Нүдний ханиад өвчний идэвхжилтийн үе нь намар, хавар. Яагаад гэвэл намар хичээл сургууль эхлэх, амралтын улирал дуусч албан байгууллагуудын ажил жигдэрч ирэх үе буюу наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхээр нүдний ханиад өвчин ихэсдэг. Өөрөөр хэлвэл энэ өвнөөр өвчлөх хүний тоо нэмэгддэг. Үргэлжилсээр байгаад яг одоо бага зэрэг багасдаг. Харин хаврын улиралд хүмүүсийн дархлаа багасч, витамин дутагддах, хүний биеийн эсэргүйцэл сулраад ирэх тэр үеэр бас нэмэгддэг. Хоёрдугаар сарын эхээс гуравдугаар сарын сүүл үе хүртэл үргэлжилнэ.  

-Аль насныхан түлхүү өвчилж байна вэ?  

-Халдвар идэвхждэг дээрх хоёр үед цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд нэлээд өвчилдөг. Цаашлаад эцэг, эхчүүд нь өвчлөх тохиолдол элбэг. Мөн оюутан, залуус түлхүү өвчилдөг. Нүдний ханиад өвчний халдвар нь гэрт нэг хүнд өвчилсөн тохиолдолд бусад гишүүдэд халдварлах, ангид нэг хүн өвдвөл бусад нь өвчлөх тохиолдолд нэмэгддэг. Яагаад гэвэл амьсгалж байгаа агаарт халдвар тархсан байдаг. Мөн эрүүл ахуйн дэглэм муу байгаа газарт нүдний ханиад өвчний өвчлөл их байна. Өвчлөөд ирсэн хүмүүст эрүүл ахуйн дэглэм сахь, цэвэр бай гэхээр зарим нь буруугаар ойлгож бохир заваан гэж байна гэх мэтээр хүлээж авдаг. 

 

Халдвар идэвхждэг дээрх хоёр үед цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд нэлээд өвчилдөг. Цаашлаад эцэг, эхчүүд нь өвчлөх тохиолдол элбэг. Мөн оюутан, залуус түлхүү өвчилдөг.

-Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Уг өвчин нь удаан өвдөж хөндүүрлэж байж эхэлдэггүй. Гэнэт л юм орсон мэт аргаж, нуухтан, халуун нулимс гоожиж эхэлдэг.Тэр ч бүү хэл шөнө унтаж байхад дэр нь нэвтэрч болох тийм их хэмжээний халуун нулимс гардаг. Өөрөөр хэлбэл бүх шинж тэмдэг зэрэг илэрдэг юм. Нуух нь харшлынх шиг ногоон өнгөтэй бус наалдсан гардаг. Нүд улайх, загатнах, юм орчихсон юм шиг болж аргах, гадны биет орчихсон юм шиг болж эхэлдэг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд маш яаралтай эмчид хандаж зөв эмчилгээ, үйлчилгээ авах нь чухал. Өвчин авсан тэр даруй эмчилгээ үйлчилгээ авсан тохиолдолд өвчний үргэлжлэх хугацааг багасгадаг.

-Нүдний ханиад өвчнөөс хэрхэн сэргийлж, хамгаалвал зохилтой вэ?

-Эрүүл ахуйн ариун цэврийг л сайтар сахих нь чухал. Мөн өвчтэй хүнтэй хавьтахгүй байх хэрэгтэй. Хэрэв өвдсөн бол гэртээ байж, тусгай аяга, таваг гэх мэт зүйл хэрэглэж, бусдад тараахгүй байхыг анхаарах нь чухал. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд юуны өмнө биеийн эсэргүүцлээ сайжруулах нь чухал. Мөн өвчтэй хүнтэй ойр байхаас аль болох зайлсхийх, нүүр гарын алчуур, нүдний дусаагуураа сольж хэрэглэхгүй байвал өвчин авахгүй. Бас бохир гараар нүдээ нухахгүй байх, гараа ойр ойрхон угааж байх хэрэгтэй. Энэ өвчнөөс хамгаалах хамгийн наад захын арга бол ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм маш чухал. Мөн тухайн хүний биеийн эсэргүйцэл сайн байхад вирусийн халдвараар өвчлөх магадлал бага байдаг. 

 

Нуух нь харшлынх шиг ногоон өнгөтэй бус наалдсан гардаг. Нүд улайх, загатнах, юм орчихсон юм шиг болж аргах, гадны биет орчихсон юм шиг болж эхэлдэг.

Жишээ нь цэцэрлэгийн хүүхдүүд дунд нэг хүүхэд халдвартай байгаа гэхэд тэр хүүхдийг тусгаарлах хэрэгтэй. Зарим эцэг, эхчүүд манай хүүхдийн нүд нь өвдчихсөн байгаа гэж хэлээд багшид нь хүргэж өгдөг. Ингэхийн оронд гэрийн нөхцөлд байлгаж, халдвар тархаас сэргийлж тусгаарлах нь халдвар хамгаалал талаас нь сэргийлж байгаа хэрэг. Харин эрүүл ахуйн дэглэм гэдэг нь хувь хүний асуудал. Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын солилцоо сайн нэвтрүүлэх, агаараа ариутгах нь чухал.  Гэрийн агаарыг ариутгах хамгийн энгийн арга нь гал түлэх юм. Зарим хүмүүс өрөөндөө лаа асаадаг. Асаж буй лааны гал, дөл нь тухайн орчны агаарын ариутгаж байдаг. Нарны тусгал зөв туссан өрөөны агаарын вирус багасдаг. Тиймээс үүнтэй яг адилхан.

-Зарим хүмүүс нүдний ханиад хүрчихлээ гээд хар шил зүүдэг. Энэ нь зөв үү. Шил зүүх нь халдвар тархахаас сэргийлэх үү?

-Хар шил зүүж болно.Халдвар тархахаас хамгаалж байгаагийн нэг хэлбэр. Хар шил зүүж байгаа хүн хоёр цаг тутамд угааж, цэвэрлэж хэрэглэх хэрэгтэй. Шил зүүх нь вирусийн  гадагшаа халдах орчныг хамгаалж өгдөг. Энэ нь эрүүл ахуйн дэглэмийн нэг хэлбэр л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

www.chuhal.mn