богино мэдээ New

М.Энхтуяа: Заг хүйтэн өвчин нүдэнд халдвал сохрох эрсдэлтэй

Ахуйн хавьтлаар халдана гэж байхгүй л дээ. БЗДХ-тай хүнтэй бэлгийн хавьталд хамгаалалтгүй /бэлгэвч/ орсон тохиолдолд халдвар дамжина. Мөн БЗДХ-уудаас тэмбүү өвчин халдвартай эхээс урагт дамжихаас гадна цус цусан бүтээгдэхүүн болон зүү, тариураар дамжин халддаг..

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

Бэлгийн замаар дамжих халдварын талаар манай сайт ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны тэргүүлэх зэргийн их эмч  М.Энхтуяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргье. Бэлгийн замын өвчин сүүлийн үед ихсэх хандлагатай байна. Ингэж ихсэж буй шалтгаан нь чухам юу байна вэ. Нөгөөтэйгүүр халдвар авагсад эмнэлгийн байгууллагад хандаж ирэх тоо өсөж байна уу?

-Сүүлийн үед бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ ихсэх хандлагатай  байгаа нь үнэн. Гэхдээ хүмүүс нэг үеэ бодвол өөрсдөө эмнэлгийн байгууллагад ханддаг болсон.  Өмнө нь мэдээллийн суваг ховор байсан бол одоо мэдээлэл авах суваг маш олон болжээ. Нийт хүн амд зориулсан сургалт сурталчилгаа болон семинар явуулах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ажил ихээр зохион байгуулагдах болсонтой ч холбоотой байх. Нөгөө талаар гадны төсөл хөтөлбөр ялангуяа “Глобаль” сангийн төсөл 2003 оноос манай оронд хэрэгжиж, БЗДХ-ын оношлуур ханган нийлүүлэлт нэмэгдэж, оношилгоо сайжирснаар БЗДХ-ын илрүүлэлт ихсэж, оношилогддоггүй байсан зарим өвчнийг илрүүлдэг болсон.

-Хэдэн төрлийн бэлгийн замын өвчин байдаг вэ?

-Нийт 30 гаруй төрлийн БЗДХ байдаг. Гэхдээ зонхилон тохиолдох бэлгийн замын 10 орчим өвчин байна.

-Манай улсад зонхилж буй нь ямар өвчин бэ?

-БЗДХ-уудаас зонхилон тохиолддог заг хүйтэн, тэмбүү, трихомониаз,  шээс бэлгийн замын мөөгөнцөр гэх мэт өвчнөөр илүү их халдвар авдаг.

-Ахуйн хавьтлаар халдварладаг БЗӨ байдаг  уу?

-Ахуйн хавьтлаар халдана гэж байхгүй л дээ. БЗДХ-тай хүнтэй бэлгийн хавьталд хамгаалалтгүй /бэлгэвч/ орсон тохиолдолд халдвар дамжина. Мөн БЗДХ-уудаас тэмбүү өвчин халдвартай эхээс урагт дамжихаас гадна цус цусан бүтээгдэхүүн болон зүү, тариураар дамжин халддаг.

-Сүүлийн үед тэмбүү өвчтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байна гэх мэдээлэл уншлаа. Нэмэгдэж байгаа гол шалтгаан нь чухам юу юм бол?

-Сүүлийн үед төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байна. Үүнд ихэвчлэн жирэмсний хяналтанд орж үзлэг шинжилгээнд хамрагдаагүй  мөн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс болж эмнэлэгт хандаж чадаагүй эхчүүдэд тохиолддог.  Жирэмсэн эмэгтэй хяналтанд орж, тэмбүү өвчинг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой.  Энэ өвчний эмчилгээ хийлгээгүйгээс  төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрнө. Харин эмчилгээгээ сайн хийлгэвэл эрүүл хүүхэд төрдөг.  Заг хүйтний халдвар мөн төрөх замаар эхээс хүүхдэд дамждаг учраас жирэмсний хяналтанд хугацаандаа хамрагдан, үзлэг шинжилгээнд орж, хэрэв өвчтэй илэрсэн тохиолдолд эмчилгээ заавал хийлгэх хэрэгтэй.

-Тэмбүү өвчтэй хүүхэд төрвөл эмчлэгдэх үү?

-Эмчлэгдэнэ. Уг өвчин бүрэн эдгэрдэг. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.

-Бэлгийн замын өвчин авснаа яаж мэдэх вэ. Илрэх шинж тэмдгүүд нь адилхан уу?.

-Зонхилон тохиолдох БЗДХ-уудын талаар уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна. Ихэвчлэн халддаг гурван өвчний талаар хэлье.

                                                     Тэмбүү өвчин

      Энэ төрлийн халдварт өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Халдвар авснаас хойш дунджаар 3-4 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн дээр эмзэглэлгүй хатуу шарх гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа буюу ихэвчлэн цавины булчирхай цочиж, томордог. Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу шарх аажмаар алга болж, тодорхой хугацааны дараа өвчний үе шат даамжирч арьс салстаар толбон болон гүвдрүүн тууралт гарч, үс унах, арьс цайх шинж илэрнэ. Цаашид өвчин даамжирч халдвар авснаас хойш тодорхой хугацааны  дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт илэрч, яс, үе мөчийг гэмтээдэг онцлогтой. Тэмбүү өвчний үед илрэх шарх болон арьсны тууралт нь арьсны өвчин шиг загатнахгүй, өвдөхгүй, хорсдоггүй болохоор хүмүүс мэдэхгүй өнгөрдөг. Зарим нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж мэдэх тохиодол ч байдаг. 

Заг хүйтэн өвчин

    Энэ өвчин нэлээд элбэг тохиолддог. Шээс бэлгийн замын эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин л дөө. Нууц хугацаа эрэгтэйд 2-5 хоног, эмэгтэйд 5-10 хоног байдаг. Эмэгтэйчүүдэд зовиур харьцангуй бага, доошоо гарч байгаа ялгадасны өнгө үнэр  өөрчлөгдөж, шаргал туяатай болж шингэрдэг. Зовиур болон шинж тэмдэг бага байдаг учраас эмэгтэйчүүд эмнэлэгт хандаад байдаггүй. Харин эрэгтэй хүнд зовиур их болохоор эмчид хандах нь элбэг.  Эрэгтэйчүүдэд шээсний сүв загатнах хорсох, шээхэд өвдөж, шээсний сувгийг шахахад шар ногоон өтгөн идээ их хэмжээгээр гоожиж гарна. Хэрэв бохир гараа нүдэндээ хүргэвэл нүдэнд халдвар дамжиж нүдний заг хүйтэн үүсгэдэг. Хүндэрвэл заг хүйтэн өвчин эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл, шээсний сувгийн нарийсалт,  үргүйдэлд хүргэнэ. Эмэгтэйчүүдэд аарцагны хөндийн эрхтэний үрэвслээр хүндэрч улмаар хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, үргүйдэл, умайн гадуурх жирэмсэлт  зэрэг хүндрэлүүд үүсдэг юм.

Заг хүйтний халдвартай жирэмсэн эмэгтэйгээс төрөх замаар нярайд халдвар дамжиж эл өвчний гаралтай нүдний салстын үрэвсэл үүсдэг. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нүдний эвэрлэг гэмтэн улмаар сохрох аюултай.

 Трихомониаз өвчин

  Эмэгтэй хүнд зовиур ихтэй. Харин эрэгтэй хүнд зовиур бага, шинж тэмдэггүй байдаг. Трихомониаз өвчин ихэвчлэн бусад БЗДХ-уудтай хавсарч тохиолддог ба 30-50%  заг хүйтний халдвартай хавсарч илэрдэг. Халдвар авснаас хойш дунджаар 5-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчин эмэгтэйчүүдэд үтрээний салстыг гэмтээдэг. Үтрээнээс шингэн шар ногоон ялгадас гарч  бэлэг эрхтэн орчим загатнах, шээхэд хорсох, өвдөх зовуур илэрнэ. Их хэмжээний ялгадас гарснаас үтрээний салст болон гадна бэлэг эрхтэн, гуяны дотор талын арьс улайж үрэвсэж болно. Эрэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Ховор тохиолдолд шээсний сувгаас ялгадас гарах, шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Бэлгийн замын халдвар авч эмчлүүлсний дараа дахин халдвар  авах уу?

-БЗДХ  дархлаа тогтдоггүй. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орвол дахин халдвар авна. Тийм болохоор бэлгийн хавьтагчаа эмчлүүлэх, хамтдаа эмчилгээ хийлгэх ёстой. Хэрэв бэлгийн хавьтагчаа эмчлүүлээгүй тохиолдолд халдвараа цааш тараах болон  өвчин хүндэрдэг.

-Мөөгөнцөр бэлгийн замын өвчинд ордог уу?

-Шээс бэлгийн замын мөөгөнцрийн 90% нь эмийн зохисгүй хэрэглээ буюу эмийг замбараагүй хэрэглэх, чихрийн шижин өвчин, жирэмсэлт,  дааврын эм удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаанаас үүсдэг.  10 хувь нь бэлгийн замын халдвар байдаг. Шээс бэлгийн замын мөөгөнцөр маш амархан дахидаг болохоор эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй.  Шээс бэлгийн замын мөөгөнцөр ихэвчлэн бусад шалтгаанаас үүссэн байдаг учраас бэлгийн хавьтагчийг нь эмчлэх шаардлагагүй гэж үздэг боловч дахилт өгсөн тохиолдолд бэлгийн хавьтагчид эмчилгээ хийдэг.

-БЗДХ-аар  хэдээс хэдэн насны хүмүүс өвчилж байна вэ?

-Ер нь бол 20-45 насны буюу дунд насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Гэр бүлтэй хүмүүс харьцангүй БЗДХ-аар өвчлөх бага.

-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь илүү их өртдөг вэ?

-Хүмүүсийн БЗДХ-ын талаархи мэдлэг их сайжирч байна. Эмнэлэг хандахын хувьд эмэгтэйчүүд өөртөө анхаарал тавьдаг. Мөн жирэмсэлт болон бусад шалтгаанаар эмэгтэйчүүд эмнэлэгт хандах нь илүү байдаг. Түүнчлэн шинж тэмдэг илрэх тал дээр өвчин өвчнийхөө онцлогоос болж  түрүүлж илэрч байгаа  нь  эмнэлэгт ханддаг.

-Гэр бүлийн  салалт ялангуяа залуу гэр бүлүүд БЗДХ-аас болж салах тохиолдолууд байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Улс орны байдал  эдийн засагтай холбоотой байх. Уул уурхай өсөж байна, Солонгос улс руу гэрээтээр  ажилдаг, энэ бүгдэд ихэвчлэн залуучууд явдаг. Залуу хүмүүс урт хугацаагаар хол байна гэдэг хэцүү шүү дээ.  Уул уурхайд сургалт семинар явуулдаг ч олон хоногоор гэр бүлээс хол байх, биеэ үнэлэгчид очих янз бүрийн асуудал байдаг. Энэ бүхэн нөлөөлж байгаа гэж  бодож байна.

БЗДХ-аас  урьдчилан сэргийлэх арга зам, шийдэл юу байна вэ?

-Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанаас зайлс хийх хэрэгтэй. Гэр бүлийн хосууд бие биедээ үнэнч байх /бэлгийн  үнэнч нэг хавьтагчтай байх/. Бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэх. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх. БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх. Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх ёстой. Мөн өөрийгөө мэдлэгжүүлэх нь зүй юм. Ингэснээр БЗДХ өвчиний халдвар авахгүй байх бүрэн боломжтой.

-Залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

-Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, бэлгэвч хэрэглэх бие биедээ үнэнч байгаарай. Халдвар авсан байж магадгүй гэж үзвэл БЗДХ-ын эмчид хандаарай. Хэрэв халдвар авсан байвал эмчилгээгээ таслалгүй, гүйцэд хийлгээрэй.  Эмчилгээ гүйцэд хийлгэсэн тохиолдолд хүндрэхгүй,  дахилт өгөхгүй бүрэн эдгэрнэ.  

БЗДХ-ын  шинж тэмдэг илэрвэл харъяа аймаг, дүүргийнхээ БЗДХ-ын кабинет хэрэв  хөдөө орон нутгийн хүн хотод байгаа бол ХӨСҮТөвийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны үзлэгийн кабинет-д хандаарай.

Цаг зав гарган ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амижлт хүсье.