богино мэдээ New

“Бяцхан хүүхдүүдтэйгээ байхаар ядарч байгаагаа ч мэддэггүй” ...

Цэцэрлэг бол хүүхдэд хөрөнгө оруулж буй хамгийн анхны эх үүсвэр. Цэцэрлэг зохион байгуулалт сайтай, эцэг эхчүүдтэйгээ нийлээд хийсэн бүтээснээ үргэлж туурвиж байдагт баяртай байдаг юм. .

-Улсаас нэг хүүхдэд оногдох хоолны мөнгийг нэмүүлмээр байна-

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

      Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо сургуулийн өмнөх насны 1000 гаруй хүүхэдтэй. Гэвч эл хороонд хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Манай сайтын сурвалжлах баг тус дүүргийн нутаг дэвсгэрт мэдээлэл бэлдэж байх үед 192 дугаар цэцэрлэгт “Алтан намар” өдөрлөг болж байв.  Энэ дүүргийн хувьд цэцэрлэгийн хүртээмж муутай дүүргүүдийн нэг. Бидний ирж буй 192 дугаар цэцэрлэг зарим бүлгүүдэд авах ёстой тооноосоо илүү хүүхэд авчээ. Тиймдээ ч илүү их ачаалалтай харагдана. “Хотын төвөөс зайтай, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдийг цааш нь буцаалтай нь биш боломжоороо л авдаг” хэмээн цэцэрлэгийн удирдлагууд хэлж байсан юм.

Тус цэцэрлэг 2013 оны  нэгдүгээр  сарын 13-аас 100 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. 20 гаруй багш, ажилтантай, дөрвөн бүлэгтэй цэцэрлэг.

Цэцэрлэгийн хаалгаар ороход багш ажилчид найрсгаар угтаж, хүүхдүүдийн цангинасан дуу, инээд хөөр ангиудад сонсогдоно.  Биднийг очиход уг цэцэрлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг өдөр” өдөрлөг болж байлаа. Өдөрлөгөөрөө “Бидний зоог”, “Бидний бүтээл” гэсэн  хоёр өрөө гаргаж хүүхдүүдийн бүтээлийг танилцуулж байв. Мөн эцэг эхчүүдэд хүүхэд нь ямар орчинд, ямар хоол хүнс иддэг гэдгийг тайлагнахаар бэлджээ. Эцэг, эхчүүд ч өдөрлөгт сэтгэл өндөр байгаа нь илт. Өдөрлөгийн дундуур зохион байгуулагчдын зүгээс эцэг эхчүүдээс  санал хүсэлтийг нь авч хүүхдүүд ямар хоол хүнс идэхийг хүсч байна вэ  гэдгийг сонсож байсан юм.

Энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Саран-мандах “Манай цэцэрлэг үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгадаг. Эцэг эхчүүдийн сэтгэл ханамж маш чухал, бид цаашдаа юу хийх вэ гэх мэт сэтгэл ханамжийн судалгаа авч цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг” гэсэн юм.

Түүнчлэн зарим эцэг эхчүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Ээж Д.Чаминчулуун: Хоолных нь амт анх ямар байсан одоо тэр хэвээрээ л байна

-Цэцэрлэг бол хүүхдэд хөрөнгө оруулж буй хамгийн анхны эх үүсвэр. Цэцэрлэг зохион байгуулалт сайтай, эцэг эхчүүдтэйгээ нийлээд хийсэн бүтээснээ үргэлж туурвиж байдагт баяртай байдаг юм. Хоол хүнсний хувьд анх ямар байсан амт чанараа ерөөсөө алдаагүй. Манай хүүхэд дөрөв дахь жилдээ явж байна, цэцэрлэгт явах их дуртай. Эндээс бүх юмыг сурч байна. Тэр сурсан зүйлийг нь гэртээ хөгжүүлж байхыг хичээдэг” гэлээ.

Бяцхан үрсээ эрүүл аюулгүй орчинд хүмүүжүүлэхийн тулд багш ажилчид байнга анхаарал хандуулж хүүхдүүдийн ар гэртэй хамтран ажиллах талаар санаачлага гаргадгийг эцэг эхчүүд онцолж байв.  Тус цэцэрлэгийн анги танхим хүүхдийн нас бие, сэтгэхүйд тохирсон тоглоом, орчин  бүрдүүлж, бүрэн камержуулжээ. БСШУЯ-аас жил бүр тоглоом авах, бусад зүйлд зарцуулахад зориулж цэцэрлэгт хоёр сая төгрөг өгдөг ч тэр мөнгө  нь хаанаа ч хүрэлцдэггүй, эцэг эхчүүд сэтгэлээ гарган тусалдаг байна. 

“Бидний мэргэжил их сайхан, бас  хамгийн энергитэй ажил.  Бяцхан хүүхдүүд дундаа байхаар ядарч байгаагаа ч мэддэггүй”  хэмээн багш нар нь сэтгэгдлээ хуваалцсан юм.

Багш Ч.Энхцэцэг:  Манайх гаднах талбайдаа гурван төрлийн хүнсний ногоо тарьдаг

-“Манай цэцэрлэг “Баян” намар, “Алтан” намар гэсэн нэг өдрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг юм. Хүүхэд долоо хоногийн цэсээрээ ямар хоол иддэг, юу сурсан хийснээ тайлагнах зорилготой. Манайх гаднах талбайдаа гурван төрлийн хүнсний ногоо тарьдаг. Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдтэйгээ нийлэн хурааж, ургацын баяраа ч мөн хийдэг.  Үүнд хүүхдүүд маань ч их дуртай, хүүхдүүддээ амттай шимтэй хоол хүнс өгөхийг зорьдог доо”.

Хамгийн эрүүл хоол бол цэцэрлэгийн хүүхдийн хоол байдаг гэдэг юм билээ. Улсын цэцэрлэгт нэг хүүхдэд өдрийн хоолны мөнгө нь 1600 төгрөг байхаар төсөвлөсөн аж. “Бидний зоог” өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд “Зах зээлийн үнээс бага өртгөөр  хүүхдэд өдөр тутамд идэх ёстой илчлэгийг нь  өгөхүйц хэмжээний хоол хүнсээр үйлчилдэг юм байна гэдгийг хоолны чанар, хэмжээнээс харцгаасан. Тэд энэ дашрамд багш, тогооч нарт баярлаж байгаагаа илэрхийлье хэмээн  халуун дулаан үг хэлж байсан юм.

Өдөрлөгийн талаар эцэг, эхчүүд ийн ярьж байна.

П.Цацрал: Миний хүү  махан хоолонд дургүй байсан

      -Манай хүү дөрвөн настай, ахлах ангид суралцдаг. Энэ цэцэрлэгт хоёр дахь жилдээ явж байна. Хамт олны хувьд нэгдмэл, хүүхдийн төлөө юм хийе гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Энэ өдөрлөгөөр миний хүүхэд ямар чадвартай байна вэ, цаашид хүүхдэд ямар боломж чадвар суулгахад анхаарах ёстой вэ гэдгийг мэдэж авч багш нартайгаа ярилцахад дөхөм болдог. Түүнчлэн улсаас нэг хүүхдэд оногдох хоолны мөнгийг нэмүүлмээр байна. 1600 төгрөгөнд насанд хүрсэн хүн битгий хэл, бяцхан хүүхдээ дагуулаад явахад энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй шүү дээ. Ийм нөхцөлд байгаа боломжоо ашиглан цэцэрлэгийн хамт олон ажиллаж байгааг харлаа. Миний хүү  махан хоолонд дургүй байсан, одоо харин иддэг болсонд тогооч, багш нарт баярлаж байна.

Тогооч н.Цогзолмаа: Долоо хоногт нэг хоолыг нэг удаа л хийдэг

     -Амин дэм илчлэгээр хангасан аюулгүй хоол хүнс өгдөг гэдгээ таниулах “Бидний зоог” өдөрлөг амжилттай болж байна. хүүхдэд аль болох илчлэг, чанартай  хоол хүнс өгөхөөр ажиладаг.  Манай гал тогоо гурван тогоочтой. Бүх хоолоо цаг тухайд нь гараар хийж хүүхдүүддээ өдрийн таван хоол өгдөг юм. Долоо хоногт нэг хоолыг нэг удаал хийнэ. Нарийн боов, талхаа өөрсдөө хийдэг болоод ч тэрүү   хүүхдүүд гараар хийсэн боорцогт их дуртай.

 Тус цэцэрлэг гурван жил үйл ажиллагаагаа явуулсан ч чамгүй их амжилтуудыг гаргажээ. Тухайлбал, “Бяцхан ханхүү” тэмцээнд 2013-2014 онд тэргүүн байр, Сонгинохайрхан дүүргээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Шагайн наадам” тэмцээнд 2015-2016 онуудад шагналт байр,  Биеийн тамирын спорт хорооноос  2015 онд Биеийн тамирын шилдэг хамт олноор тодорч байжээ. 192 дугаар цэцэрлэг нь мэргэжлийн тогооч нараар хүүхдүүддээ амттай, шимтэй хоол өгдөг нь өдөрлөгийн үеэр харагдлаа. Хамт олон нь найрсаг, хүүхдийн насны онцлогт тохирсон орчин бүрдүүлсэн, гаднах талбай нь ч цэвэр цэмцгэр юм.

Цэцэрлэг нь бүрэн камержсан, тогооч нар нь өөрсдөө жор гаргаж хүүхдүүддээ амт чанартай хоол хүнс өгдөг, хөдөлмөрч удирдлага, сэтгэл зүрхтэй багш, ажилчидтай 192 дугаар цэцэрлэгийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.