Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 41.8 мянга байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Үүнээс 31.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 0.5 хувиар буурсан харин сарын өмнөхөөс 7.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Анхаарал татах нэг үзүүлэлт бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Үүнээс гадна сүүлийн үед БНСУ-ыг зорих иргэдийн тоо огцом өсч байгааг холбогдох байгууллагууд мэдээлж байгаа юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр энэ оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын 700 иргэн хөдөлмөрийн гэрээ байгуулж БНСУ руу явсан байна. Эдгээр иргэдийн хувьд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд ажиллаж байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар онцолсон юм.