богино мэдээ New

Зах зээл тэлэх хувьчлал

Хөрөнгийн биржийг 89 хувь нь ямар нэгэн байдлаар хувьчлахыг дэмжиж байна.
-Хөрөнгийн биржийг 89 хувь нь ямар нэгэн байдлаар хувьчлахыг дэмжиж байна-
 Сэтгүүлч Б.Баяртогтох
 
    Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид сэтгэл ханамжгүй байна. Судалгаанд оролцогчдын 86 хувь нь муу гэсэн үнэлгээ өгчээ. Хөрөнгийн биржийг олонх нь буюу 89 хувь нь ямар нэгэн байдлаар хувьчлахыг дэмжсэн байна. Судалгаанд хамрагдсагсдын дийлэнх нь арилжаанд идэвхтэй оролцдог хөрөнгө оруулагч аж. Монгол Улсад сүүлийн жилүүдэд 4113 иргэн, аж ахуйн нэгж арилжаанд идэвхтэй оролцдог гэсэн статистик бий. Тэд биржийг хувьчлах хүсэлтэй байна. 
 
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос энэхүү асуулгыг “Спүүнмедиа” компанитай хамтран боловсруулжээ. “Хөрөнгийн биржийг хувьчлах ёстой юу” нийт асуултад оролцогчдын 11 хувь нь эсрэг саналтай байгаа бол үлдсэн 89 хувь нь Засгийн газрын хувьчлах төлөвлөгөөг дэмжжээ. Улсын хэмжээнд төрийн өмчит 89 үйлдвэр, компани, аж ахуйн нэгж бий. Түүний нэг нь “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани. Дээрх судалгаанд биржийг хувьчлах ёстой бол хэдэн хувийг гэсэн асуултад оролцогчдын 36 хувь нь 100 хувь, 23 нь тодорхой хувийг, дийлэнх нь 30 хувийг хувьчлах нь зохистой гэж үзсэн байна. 
 
Зах зээлийн эдийн засагтай оронд төрийн өмчит Хөрөнгийн бирж байх нь оновчтой биш гэж зарим судлаач үздэг. Сүүлийн гурван жилд төрийн өмчит компаниудын өр зээл гурав дахин өссөн. Өнгөрсөн оны эцэст “төрийн” тодотголтой компаниудын өр 10.5 их наяд төгрөгт хүрээд байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ оны эцэст өр, авлагын хэмжээ улам нэмэгдэхээр байгаа юм. “Алдагдал”-тай ажиллах нь төрийн өмчит компаниудад энгийн үзэгдэл мэт болчихсон тал бий. Энэ байдлыг ч татвар төлөгч нар хүлээн зөвшөөрч явсаар өдийг хүргэсэн. Хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компанийн адил ашигтай ажиллах нь ховор. Энэ байдал нь төсвийн ачааллыг нэмэгдүүлж, өрийн дарамт болж байгаа нь үнэн. Хөрөнгийн биржүүд төрийн мэдэлд байснаар түүхэн хөгжлийнхөө оргилд хүрсэн нь үгүй. Энэ утгаараа хувьчлах нь буруу биш. Харин хэрхэн, хэзээ, яаж гэдэг нь тодорхой бус байгаа юм. 
 
Биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах төлөвлөгөөг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ирэх оны төсөвтэй хамт боловсруулсан. Энэ төлөвлөгөөний дагуу бирж одоо л бизнесийн горимоор ажиллах нөхцөл бүрдэж магадгүй нь. Хөрөнгийн биржийн нэгдсэн индекс баасан гарагт 779.69 нэгж болж 0.39 хувиар буурсан. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.33 их наяд төгрөг боллоо. 1.4 их наяд төгрөгтэй тэнцэж байсан зах зээлийн үнэлгээ энэ сард үлэмж буурсан нь энэ. Биржийн индекс уруудах тусам зах зээлийн өгөөж буурна гэсэн үг. Өгөөж багасах нь хөрөнгө оруулгчдад хамгийн муу мэдээ. 
 
Ирэх оны улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 5.9 их наяд төгрөгөөр Засгийн газар тооцсон. Төсвийн төсөөллөөр татварын бус орлого нэг их наядаар хэмжигдэж буй. Үүний 127.7 тэрбум төгрөгийг хөрөнгийн орлого бүрдүүлэхээр байгаа. Хөрөнгийн орлого гэдэг нь өмч хувьчлалын орлого. Тодруулбал, биржийн хувьчлалын дүнд багадаа 20 тэрбум төгрөг төсөвт хөрөнгийн орлого нэрээр бүртгэгдэх юм. Төсвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлэхийн зэрэгцээ биржийг хувийн хэвшилд шилжүүлэх алхмын өмнө Засгийн газар ирээд байна. Үүнийг УИХ хэлэлцэж байж баталгаажуулах юм. 
 
Хөрөнгийн биржийг хувьчлах санал 2013 оноос эхтэй. Хэрэв УИХ тухайн үед уг саналыг дэмжиж, улмаар Засгийн газар хувьчлах ажлыг түргэтгэсэн бол Хөрөнгийн бирж өнөөдөр хувийн хэвшлээр овоглох байсныг үгүйсгэхгүй. Биржийг энэ онд хамгийн багадаа таван тэрбум төгрөгөөр хувьчилна гэж “Шийдлийн” тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар зүтгүүлсэн удаатай. Тухайн үед УИХ-ын зарим гишүүн хувьчлалын үнэлгээ хэт бага байгаа нь төрийн өмчийг үнэгүйдүүлэхэд  хүргэхээр байгааг шүүмжилж байв. УИХ Засгийн газрын санааг албажуулсан ч биржийн хувьчлал хойшилж явсаар 2017 онтой золгож байна. 
 
Хөрөнгийн зах зээлд оролцогчдын гурван хүн тутмын хоёр нь биржийг хувьчлах нь зөв гэж үзэж буй. Тэдний нэг нь Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалай. Тэрбээр “Хөрөнгийн бирж төрийн мэдэлд байх нь тохиромжгүй. Биржийн хувьд стратегийн хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Бодит өөрчлөлт авчрах, өмнө нь мөрөөдөл төдий байсан ажлыг үр дүнтэй үйл хэрэг болгох мэргэжлийн хөрөнгө оруулагч чухал” хэмээн дүгнэсэн юм. 
 
Хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэлтийн хөрөнгө нь 913.6 сая төгрөг байгаа бол үндсэн хөрөнгийн үнэлгээ 3.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Бирж энэ оны эхний хагаст 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Хөрөнгийн биржийг өмнөх саналаар бүтцийг нь өөрчилж, 34 хувийг төрд үлдээхээр төсөөлж байсан. Харин нийт хувьцааны 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгохоор зурагласан ч ажил болоогүй билээ. 

Биржийн алдагдал 613.2 сая төгрөгт хүрсэн нь төсвийн алдагдал болон дотоодын өрийн хэмжээг нэмнэ гэсэн үг. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх үүднээс Засгийн газар гадаад зах зээл хөрөнгө татах, бонд босоход хүрдэг. Ингэснээр манай улсын гадаад өрийн хэмжээ тэлэх эрсдэлтэй. Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн Хөрөнгийн бирж итгэмжлэгдсэн дилерийн үйл ажиллагааг нэвтрүүлж, амжилттай жигдрүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн. Энэ нь өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт нэвтрүүлж, хариуцлага хүлээлгэх эрх мэдлийг олгосон юм. 
 
Хөрөнгийн бирж дэлхийн өндөр хурдны арилжааны системийг нутагшуулсан. Лондоны хөрөнгийн биржтэй таван жилийн өмнөөс “Ажлын мастер  гэрээ” байгуулж,  стратеги болон меннежментийн түвшинд хамтран ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд арилжаа, төлбөр, тооцоо, хяналт, хадгаламжийн цогц системийг зах зээлд анх нэвтрүүлсэн юм. Биржийн шинэчлэлийн өртөг 13.4 сая ам.доллар. Үүний 80 хүртэлх хувь нь тус биржийн шинэчлэлд, үлдэж буй нь үйл ажиллагааны бусад зардлыг санхүүжүүлсэн байдаг. 
 
200 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн үнэлгээ 3.2 тэрбум ам.доллар давсан Лондоны хөрөнгийн биржтэй эхлүүлсэн түншлэл одоо ч үргэлжилж байгаа. Түншлэлийн хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлийн програм хангамжийг шинэчлэх зорилгоор “Милленниум ай ти” системийг суурилуулсан юм. Шинэ системийн үлдэгдэл төлбөр болох 4.6 тэрбум төгрөгийг төсвөөс барагдуулж буй. Гурван жил дараалан алдагдалтай ажиллаж байсан бирж Д.Ангарын үед 250 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. Үүнээс өөр ойрын хугацаанд биржээс эерэг тайлан гараагүй. 
 
Хүндрэлийн ирмэгт байгаа Хөрөнгийн биржийн санхүү хүндхэн байдал орсныг зарим оролцогч цахим орчинд “жиргэв”. Биржийн хувьчлал дахин сонсогдож буй энэ үед хөрөнгө оруулагчдад хүрэх сөрөг “мессеж” энэ. Алдагдалтай ажиллах хэрээр биржийн үнэ цэнэ буурах талтай. Хэдийгээр төсөвт хувьчлалын доод хязгаарыг 20 тэрбум төгрөгөөр тогтоосон ч зарим оролцогч бага дүн хэмээн чамлаж байна. Хөрөнгийн бирж зах зээлийн оролцогчдыг цаг тухайд мэдээллээр хангаж чаддаг, эсэх асуулгад дөрвөн хувь нь чаддаг гэсэн бол 38 хувь нь чаддаггүй гэж эхэнд дурдсан судалгаанд өгүүлжээ. 
 
Хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээлийн хөгжиж чадахгүй байгаа хамгийн чухал асуудлыг төрийн нэгдсэн бодлого байхгүй гэж үзэж буй. Тэд хөрөнгийн зах зээлд төрийн оролцоог багасгаж, хөрөнгийн биржийг хувьчлах, татварын орчинг таатай болгох, сайн бүтээгдэхүүн гаргах, улмаар олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зэрэг аргыг санал болгож байна. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Хөрөнгийн биржийн арилжааны шимтгэл хэт өндөр байна” хэмээн тус биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтайд “Нэг зорилго, нэгдсэн шийдэл” чуулганы үеэр хандаж хэлсэн юм. Тэрбээр “Үнэт цаасны зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомсдолтой байна” гэв. Бирж ашигтай ажиллаж, зах зээл хөгжихөд айсуй хувьчлал голлох үүрэг гүйцэтгэх нь. 
 
 
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин