богино мэдээ New

Нэг тасалбар ба тээврийнхний дэвшил

Улаанбаатар-Сэлэнгэ-Улан-Үдэ чиглэлд галт тэрэг, автобус нэг тасалбараар зорчдог болно. Зорчигчдыг аюулгүй, найдвартай, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх нэг төрлийн боломж бүрдэх гэж байна. Энэ чиглэлийн туршилтын ажил ч амжилттай боллоо. Бидний судалгааны ажил амжилттай болвол нэгдсэн нэг тасалбараар зорчигиддоо нэг цэгт үйлчлэх юм.

-Улаанбаатар-Сэлэнгэ-Улан-Үдэ чиглэлд галт тэрэг, автобус нэг тасалбараар зорчдог болно-

Сэтгүүлч Л.Баатархүү

     Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд туршилтаар эхлүүлэв. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлд автобус, галт тэрэг, орон нутгийн зорчих тээвэр гээд “түмэн” тасалбар авах шаардлагагүй боллоо гэсэн үг. Улаанбаатар хотоос оройн 20:00 цагт хөдөлсөн бидний галт тэрэг Сэлэнгэ аймагт үүрээр очлоо. Жихүүн сайхан өвлийн агаар, гутлын гануу шүргэж гялтганасан цасан ширхэг ч угтлаа. Галт тэрэгнээс буудаллахад “Зэлтэрийн зам” улс хоорондын зорчигч тээвэр гэсэн бичигтэй шар автобус болон тус компанийн захирал Г.Лхагвачулуун, хөтөч, н.Сүлдбаатар, н.Тунгаа нар угтаж бид Буриадын Итгэлт хамба-Улан-Үдэ чиглэлд хүлгийн жолоо залсан юм.

Орос, Монголын хил орчим аль хэдийнэ өвлийн урь орчихсон зарим газраа цасан бүрхүүл тогтжээ. Галт тэргэнд унтаж амарсан, хөөрөлдөж, тоглосон шигээ зугаатай явсан зорчигчид нэг их нойр авалгүй автобусандаа хөгжилдөж, хөтчийн зүгээс тэднийг баг болгон дууны уралдаан хүртэл зохион байгуулж, түрүүлсэн багийг 1000 рубль, аяны дөрөө мултлах “юм”-аар мялаалаа.

Төд удалгүй бид 11:00 цагийн орчим Итгэлт хамбад бараалхах болжээ. “Хайхан морилж ирцгээвт” хэмээн амар мэндийг эрсэн, жижиглэн худалдаа эрхлэгчид хамбын хийдийн гадаа талбайд нэлээд байх...тэднээс хамбад өргөх арц, хадаг сэлтийг худалдан авцгаав. Жуулчдын хөл хөдөлгөөний эл газар хадаг яндар манайхыг бодвол арай үнэтэй. Нэг хадаг 50-200 рубль буюу Улаанбаатарт 500 төгрөгөөр зарах хадаг 1900 төгрөгөөс давах аж.

“Итгэлт хамбын энерги 23000 км-ийн алслад хүрэх чадвартай” гэдгийг Оросын эрдэмтэд тогтоосон талаар хамбын биед хамгийн ойр байх Даш лам хэллээ. Түүнээс бид хэд хэдэн зүйл тодруулсан юм. Хамбын үс, хумс ургадаг эсэх, ном хурах болон бусад үед ямар шинж тэмдэг ажиглагддаг гээд...

Түүний хэлснээр “Үс, хумс ургадаг гэдэг нь худал зүйл” хэмээлээ. Харин биенийх нь арьс амьд хүнийх шиг байдаг, дэргэд нь их ном хурсан үед амьд хүнийх мэт толгойноос хөлс гарчихсан, ядарсан байдаг гэв. Мөн суга орчим нь ч хөлөрдөг гэсэн юм. Ийнхүү Итгэлт хамбаасаа адис аван цааш Улан-Үд хот рүү аяны замаа үргэлжлүүллээ. Дашрамд дурьдахад эл хотын нэрний хувьд манайхан андуурах тохиолдол бий. Хотын нэр нь Үд голоос үүдэлтэй гэдэг. Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь олон. 1666 онд оросууд Үд голын орчим анхныхаа цайзыг барьж Верхне-Удинск /Дээд үд/ гэж нэрлэсэн байдаг. Крилл монголд 1934 оноос хойш Дээд-Үд хэмээсэн байна.

/Улан-Үд хот дундуур урсах Сэлэнгэ мөрөн/

    Ингэж явсаар Байгаль нуураас зүүн урагш 130 км, Сэлэнгэ мөрөн Үд голын бэлчирт байрлах Улан-Үд хотод ирцгээлээ. Тэнгэр нэлээд бүрхэгдүү цас хялмаалах янзтай биднийг угтав. Аялал зохион байгуулагч “Зэлтэрийн зам” компанийн зүгээс шаардлагатай зүйлсийг сэтгэлд хүртэл сайхан бэлдсэн байлаа. Хоол унд, амрах зочид буудал гээд зорчигдын сэтгэл гонсойлгоогүй.

Харин тус хотод бараа таваарын үнэ Улаанбаатарынхтай харьцуулбал ялигүй үнэтэй санагдсан юм. Анхны туршилтаа хийсэн холимог тээврийн, нэг тасалбарт энэхүү үйлчилгээ зорчигчдод таалагдсан. Харин манайхан онлайнаар тасалбараа захиалаад сурчихвал цаг хугацаагаа илүү хэмнэх боломж бүрдэнэ.

Ямартай ч Улаанбаатар-Сэлэнгэ-Итгэлт хамба-Улан-Үд-Байгаль нуур чиглэлд зорчигчид галт тэрэг, автобус, орон нутгийн тээвэрт тус тусад нь тасалбар бичүүлэх шаардлагагүй болов. Үнэ нь ч тодорхой хувиар буурна гэдгийг Зам, тээвэр хөгжлийн яамнаас хэлсэн. Товчхондоо нийслэлээс Байгаль нуур чиглэл рүү аялах төлөвлөгөөтэй байсан Бат илүү аюулгүй, хямд үнээр, цаг хугацаагаа хэмнэж аялах боломж бүрдэх нь.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн тээвэр, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Т.Мөнхцэцэг:

-Зорчигчдыг аюулгүй, найдвартай, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх нэг төрлийн боломж бүрдэх гэж байна. Энэ чиглэлийн туршилтын ажил ч амжилттай боллоо. Бидний судалгааны ажил амжилттай болвол нэгдсэн нэг тасалбараар зорчигиддоо нэг цэгт үйлчлэх юм.

/Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга Г.Гантулга, Далайн тээвэр, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг нар/

“Зэлтэрийн зам” компанийн захирал Г.Лхагвачулуун: Энэ үйлчилгээ цаг үеэ олсон маш зөв шийдвэр боллоо

-Холимог тээврийн энэхүү үйлчилгээ цаг үеэ олсон маш зөв шийдвэр гэж үзэж байна. Өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 15-аас ОХУ  руу иргэд харилцан визгүй зорчдог болсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд ОХУ руу их хэмжээгээр зорьчдог болсон. Алтанбулаг, Хиагтын боомт ч 24 цагаар ажилладог боллоо. Үүнтэй уялдуулаад “Улан-Үд Байгаль нуурын чиглэлд хоёр шөнө, нэг өдрийн аялалд явна” гэсэн зар маш их явж байгаа. Гэтэл бодит байдал дээр ямар байна вэ гэхээр автобус ч юм уу ямарваа тээврээр орой 20:00 цагт Улаанбаатараас зорчигчдыг суулгаад шөнөдөө явсаар өглөө нь Улан-Үдэд очдог. Өдөржингөө зорчигчдоо хотоор явуулж байгаад орой нь дахиад автобусаар тээвэрлээд явдаг. Гэтэл үүнд ямар асуудал байна вэ гэхээр өнөөх жолоочид ажиллах ачаалал, ажлын дэглэм гэж нэг зүйл алдагдах эрсдэл бий болж буй юм. Хоёрдугаарт зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр зорчигчид маань дандаа суугаад явсаар байж чилж, хөшихөөс авахуулаад олон сөрөг зүйл гарна.

Харин энэхүү холимог тээврийн үйлчилгээ нэвтэрч буйгаараа галт тэргээрээ Сүхбаатарт өөрийн аяараа тухлаг зорчоод хүрээд ирнэ. Галт тэрэг цагийн хуваарийн дагуу хүрээд ирнэ. Ирэхээр нь манайх  мэтийн мэргэжлийн үйлчилгээний газрууд зорчигчдоо хүлээж аваад явах тогтмол хуваарьтай болчихно. Хилээр ч оочир дараалалд орохгүй, цаг хугацаагаа илүү хэмнэнэ. Түүнчлэн Авто тээврийн тухай хуульд нэг жолооч өдөрт 500 км явна гэх заалттай байдаг. Харамсалтай нь манай зарим тээвэрлэгчид ээлжийн жолоочгүй зорчиж байна. Энэ нь олон хүний амь насанд халтай.

Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд анхаарсан энэхүү шинэлэг үйлчилгээнд зорчигчид илүү ам сайтай байлаа.

Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга Г.Гантулгын хэлснээр “Холимог тээврийн энэ үйлчилгээг цаашид агаарын тээвэртэй холбож үйлчилгээг илүү түргэн шуурхай, чирэгдэл багатай байх талаас шийднэ. Хамгийн гол нь бидний туршилт, судалгааны үр дүнгээс хамаарч уг үйлчилгээ бүрэн утгаараа нэвтрэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн зорчигчид олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраас ТҮЦ машинаар дамжуулж онлайнаар тасалбараа захиалах боломжтой. Мөн нэг тасалбартай болж буй нь зэрэгцээ жишээлбэл, Улаанбаатараас Улан-Үд явах тасалбарын үнэ ч тодорхой хувиар буурна” гэлээ.

Ямартаа ч тээврийнхний хөгжлийг нэг шатаар ахиулсан иргэдийн цаг хугацаа, санхүү хэмнэх, илүү аюулгүй, найдвартай зорчих боломжийг олгох энэхүү холимог тээврийн нэг тасалбарт үйлчилгээний туршилт, судалгаа амжилттай болвол ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Цаашдаа агаарын тээвэр, бүх орон нутгийн чиглэлийг хамруулах судалгаа хийгдэж буйг албаныхан онцолсон юм.