богино мэдээ New

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах

4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана..

2016 оны 08 сарын 16

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан НӨАТ-ийг бүртгэх хасах заалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

6.1.Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана.

6.2.Харъяалах татварын алба нь энэ хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.4.Дараахь нөхцлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно:

6.4.1.нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.10-т заасан орлогын 80 хувьд хүрсэн;

6.4.2.үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан орлого болон хөрөнгө оруулалт нь сүүлийн нэг жилд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангаар нотлогдсон байхаас гадна уг этгээд нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино.

6.6.Сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1 болон 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.

6.7.Хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн эд хөрөнгө буюу саналын эрхийн 66-аас дээш хувийг нэг буюу хэд хэдэн хуулийн этгээд эзэмшиж байвал тэдгээрийг нэг бүлэг болгон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж болох боловч ийнхүү нэг бүлэгт хамрагдсан хуулийн этгээд тус бүр нь энэ хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.

6.8.Энэ хуулийн 6.7-д заасны дагуу нэг бүлэг болж бүртгүүлэх зөвшөөрлийг харъяалах татварын албанаас бичгээр авна.

6.9.Энэ хуулийн 6.7-д заасны дагуу бүртгүүлсэн этгээдийн аль нэг нь тухайн бүлгийн нэрийн өмнөөс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн үүрэг хүлээж, харъяалах татварын албатай харилцана.

6.10.Энэ хуулийн 6.7-д заасан этгээд тус бүр нь нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо хийж, татварын тайлан тушаах шаардлагагүй боловч нягтлан бодох бүртгэлийг хуульд заасны дагуу хөтөлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн хувьд өөрт хамаарах асуудлаар эцсийн хариуцлага хүлээнэ.

6.11.Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харъяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна.

6.12.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээний вэб хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.13.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.