богино мэдээ New

Оюутнууд жилийн 5 хувийн хүүтэй зээл авах боломжтой боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Оюутны хөгжлийн зээл олгох журмыг баталсан..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Оюутны хөгжлийн зээл олгох журмыг баталсан. Энэхүү журмаар оюутнууд сургалтын төлбөрөө хөнгөлөлттэй, бага хүүтэйгээр зээлээр авах нөхцөл бүрдэж байна. 

Ингэхдээ боловсролын зээлийн санг байгуулж, зээлийн үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан олгоно. Өөрөөр хэлбэл, оюутан банкнаас зээлээ аваад сургуулийнхаа данс руу шилжүүлэх замаар зохицуулжээ.  

Оюутны хөгжлийн зээлийн журмаар гурав болон түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургууль суралцдаг айлын нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог болж байгаа аж. Энэ нөхцөлөөр 1,500 орчим оюутан тусламж авах тооцоог холбогдох байгууллагуудаас гаргажээ. 

Хүү бууруулах зээл гэдэг нь урьд нь банкнаас өндөр хүүтэй арилжааны зээл авч, сургалтын төлбөрөө төлсөн байвал оюутны хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх боломжтой болно. 

Богино хугацааны зээл нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээл. 

Урт хугацаатай зээл нь бакалаврын дээд боловсрол олгох 4-6 жилийн хугацаанд 10 хүртэл жилийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Энэ нь сургуулийн төгсөөд ажил хийн зээлээ төлөх боломжийг олгож байгаа хэлбэр юм. 

Эдгээр зээлийн хүүг тухай бүрт нь төлнө. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаатай таван хувийн хүүтэй сургалтын зээл авлаа гэхэд сар бүр найман мянган төгрөгийн хүү төлнө. 

Энэхүү зээлийг хүсэлт гаргасан оюутан болгонд олгох боломжтой. Хүсэлт гаргах оюутны тоог 70 мянга орчим гэж тооцож байгаа. Энэ нь зээл шаардлагатай бараг бүх оюутан гэсэн үг. Үүнийг энэ сардаа хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. 

Зээл авах шалгуур нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцдаг, голч дүнгээрээ 2.3-аас доошгүй дүнтэй оюутнуудыг хамруулах юм байна.