богино мэдээ New

Хүүхдийн мөнгө олгож эхлээгүй байна

Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгний олголтыг долоодугаар сараас эхлэн түр хугацаагаар зогсоосон.

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

    Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийн олголтыг долоодугаар сараас эхлэн түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл холбогдох байгууллагуудаас мэдээлж буйгаагаар энэ долоо хоногт багтааж нийт хүүхдийн 60 хувьд нь буюу зорилтот бүлгийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг олгохоор болжээ. Ингэхдээ өнгөрсөн 7, 8, 9 дүгээр сарын мөнгийг хамтад нь олгох бөгөөд өчигдөр санхүүжилтийг Сангийн яамнаас шилжүүлсэн байна.

Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө авдаг бүх өрхийн хэмжээнд судалгаа явуулсан аж. Судалгаагаар өрх бүрийг 1000 хүртлэх оноогоор дүгнэж, 502-оос доош оноотой өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоор болжээ. Тодруулбал, 502 онооноос доош нийт 660 мянган хүүхэд байгаа аж. Харин үлдсэн хүүхдүүдийн мөнгө бэлэн бусаар бичилт хийгдэж 2019 оноос нөхөн олгох юм байна. Тиймээс айл өрхүүд судалгаагаар хэдэн оноо авсан болохыг хороо, дүүргийн халамжийн ажилтнаас тодруулбах боломжтой юм.

Төрийн банк, Хас банкнаас хүүхдийн мөнгө олгож байгаа талаар тодруулахад "Одоогоор олгож эхлээгүй байна" гэдгийг мэдэгдсэн юм. Санхүүжилт нь орж ирвэл энэ долоо хоногт багтаж олгох юм байна.