богино мэдээ New

"Алтандонод Монгол" компаниас Голомт банкинд ил захидал хүргүүллээ

Голомт банк нь сүүлийн жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хүч түрэн С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэлээ. .

ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ТАНАА

    /”Алтандорнод Монгол”ХХК, “Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгөх тухай /

   Голомт банк нь сүүлийн жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хүч түрэн С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэлээ. 

Хэдийгээр ОУ-ын Арбитрын шүүх, Монгол Улсын шүүхээс хүчин төгөлдөр бус худалдааны болон аккредитивын гэрээний төлбөрийг манай компани хариуцан төлөх үндэслэлгүй болохыг тогтоосон боловч цаашид энэхүү хууль бус үйл ажиллагаанд оролцох, түүний золиос болох шаардлагагүй гэж үзэж байгаа тул“Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудыг 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь Голомт банкны өмчлөлд шилжүүлэх мэдэгдлийг 2016.09.26-нд танайд хүргүүлсэн.

Нэг. Голомт банкны нэхэмжлэлтэй С.В.Паушокийн ИТОЧУ-той байгуулсан худалдааны гэрээний төлбөрт 2007 онд нээсэн АГ0100080001-АГ0100080005 дугаартай таван аккредитивын гэрээний төлбөрийн 2’092’490’948 иен буюу 34,1 тэрбум төгрөг гаргуулах хэргийг ХУД-ийн иргэний шүүх 2016.09.23-нд хэлэлцэж, уг төлбөрийг гаргуулах илтэд хууль бус шийдвэр гарлаа. 

Гэтэл дээрхи гэрээнүүд нь Япон Улсын Худалдааны Арбитрын шүүхийн 2013.10.30-ны өдрийн №12-02, №12-03 тоот шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014.11.05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус худалдааны хэлцэлийн үндсэн дээр хийгдсэн аккредитивын хэлцэл хүчингүй болохыг, мөн уг гэрээний дагуу шилжсэн мөнгийг манайх авч ашиглаагүй ба үүний төлбөрт ямар ч машин техник орж ирээгүй болохыг шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэж, “Алтандорнод Монгол” ХХК нь дээрхи гэрээнээс үүссэн төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй болохыг эцэслэн тогтоосон.
Гэтэл эцэслэн шийдээд 2 жил өнгөрсөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад танай банк хүч түрэн хууль бусаар “Алтандорнод Монгол” ХХК-иар дээрх таван аккредитивийн мөнгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулж, Монгол Улсад шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог жишгийг тогтоолоо. 

Хоёр. Дээрхи таван аккредитив нь хуурамч худалдааны 21 гэрээгээр дамжуулан С.В.Паушок-Голомт-ИТОЧУ-МОПС-ийн хийж байсан 7.1 тэрбум иен буюу 159.7 тэрбум төгрөгийн хууль бус санхүүгийн схемийн нэгээхэн хэсэг нь байсан. 

Энэхүү схемээр дамжуулан С.В.Паушок-Голомт банк нар нь гадаад улс руу хөрөнгөө Монголын хууль, хяналтын байгууллагаас бултуулан гаргаж, Засгийн газартай шүүхдэлцэх бэлтгэлээ хангаж хиймэл хохирол бий болгосон бөгөөд тэрээр алтны 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг ОУ-ын арбитрын шүүхэд өгч 1 тэрбум гаруй  ам.долларын хохирол нэхэмжилсэн ба манай хууль, хүчний байгууллага түүнд их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

С.В.Паушок-ИТОЧУ-ГОЛОМТ нар нь тухайн үеийн ханшаар 120 сая ам.долларын  машин техник, мөнгөн хөрөнгийг ИТОЧУ-гаас авч Монгол руу оруулахгүйгээр ОХУ дахь дундын  МОПС компани руу шилжүүлэн авч, харин Монгол дахь “Алтандорнод Монгол” ХХК дээр огт аваагүй бараа, техникийн хиймэл өр үүсгэсэн. Энэхүү ажиллагаанд Голомт банк нь тухайн үедээ өөрийн хөрөнгөнөөс хэт давсан үнийн дүнгээр /уг нь “Банкны тухай хууль”-иар өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалттай/ ИТОЧУ-гийн харилцагч банкинд барааны төлбөрийг төлөх аккредитивийн мэдэгдлийг хүргүүлж чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийнхээ хөлсөнд нилээдгүй их мөнгө авсан билээ. 

Мөн энэ аккредитивын төлбөрийн асуудлаар танай банк ИТОЧУ-тай 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхдэлцэж байсан бөгөөд ИТОЧУ ба Голомт банкны хооронд 2013.03.15-нд “Withdrawal agreement” гэрээг байгуулж, нийт 5’203’806’535 иен буюу 88,7 тэрбум төгрөгийн аккредитивийн маргаанаа 1’200’000  ам.доллароор харилцан тохирч хаасан бодит факт, нууц гэрээ тань хүчинтэй байгаа. Энэхүү гэрээ тань Голомт банк анхнаасаа гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй, худалдааны болон аккредитивын гэрээгээр халхавчилсан санхүүгийн схем гэдгийг мэдэж байсныг нотолдог. 

Гурав. Танай банк “Бумбат” ХХК-иас таван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхэд нэхэмжилж 28’825’478’053 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн.  Гэвч энэхүү мөнгө нь үндсэндээ компанийн өмнөх удирдлага асан ОХУ-ын иргэн С.В.Паушокийн танай банктай хамтарч хийсэн хуурамч гэрээ, түүний ОХУ болон гадаад улс руу хөрөнгөө гаргах зорилгоор эзэмшилд нь байсан “Элладон” ХХК, “Кипрстар” ХХК, “Яхтон” ХХК, “Востокнефтегаз”ХХК зэрэг компаниудад үүсгэсэн хугацаа хэтэрсэн хиймэл зээлийн өрийг зээлээр хааж, шинэ зээл болгоход зориулагдсан билээ. 

Дөрөв. С.В.Паушокийн эзэмшилд байсан “Востокнефтегаз” ХХК-ийн бүх хөрөнгийг  одоогоос 3 жилийн өмнө 2013 онд Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар татварын өрөнд хурааж, төрийн өмчид шилжүүлсэн. Тус компанийн хөрөнгийг шилжүүлхэд танай банкны гүйцэтгэх захирал, эрсдлийн удирдлагын захирлууд тухайн үедээ бичгээр барьцааны хөрөнгийг татварт өгөхийг зөвшөөрч, оронд нь компанид орж ирсэн орлогоор банкны зээлээ мөнгөөр төлүүлж байсан билээ. 

Гэтэл 3 жилийн дараа шүүхийн шийдвэрээр дампуураад татан буугдсан компани дээр 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчид өөрөө зөвшөөрөл өгч шилжүүлсэн одоо ХХААЯ-ны ТЭДС-гийн эзэмшилд байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэтэй Нефьт хангамжийн баазаар төлүүлэх шүүхийн шийдвэрийг 2016.05.19-нд хүчээр гаргуулжээ.  
Нүд улаан, мөнгө цагаан боловч Та бүхэн дампуураад татан буугдсан хувийн компанийн өрийг төрийн өмчийг дээрэмдэн авч төлүүлж байгаа энэхүү үйлдлээсээ ичих хэрэгтэй! Аргагүй олон жил худлаа тайлан мэдээ  гаргаж төр олон нийтийг хуурч ирсэн үйлдлүүд чинь өөр зам үлдээгээгүй байх.

Хэдийгээр энэ компаниудын хувьцааг худалдан авсан зээлийн төлбөрт танай банкинд нийт 33.1 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 сая ам.доллар төлсөн боловч бидний зүгээс цаашид ийм хууль бус үйл ажиллагаанд орооцолдож түүний золиос болох, хөрөнгө болж орж ирээгүй, хэсэг хүмүүсийн хууль бус ажиллагаагаар үүссэн хиймэл өр, төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулах ямар ч боломжгүй ба ийм шаардлага ч байхгүй тул хөрөнгөөсөө татгалзаж танай банкинд шилжүүлж байна.
Иймд Монгол улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон  Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, “Алтандорнод Монгол” ХХК,“Бумбат” ХХК-иас 100%-ийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!

 

“АЛТАНДОРНОД МОНГОЛ” ХХК, “БУМБАТ” ХХК